ZTE-ийн удирдлагуудыг АТГ-ынхан саатуулсан уу

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

ZTE-ийн удирдлагуудыг АТГ-ынхан саатуулсан уу

Энэ мэдээллийг тус компанийн монгол ажилчид баталж байгаа ч хэзээ гэдгийг нь хэлэх боломжгүй гэв

“Монголын төрийг тагнах, чагнах захиалгатай юм биш биз гэсэн айдсыг олон нийтэд төрүүлж байна” хэмээн хэвлэлээр бичигдэж байсан  ZTE-ийн удирдлагуудыг АТГ-ынхан баривчилсан байж магадгүй байна.

Энэ тухай  http://www.techinasia.com анх мэдээлсэн бөгөөд  “ZTE” корпорацийн манай улс дахь салбарын ажилчид ч батлан өгүүлж байна. Дээрх цахим хуудаст энэ мэдээллийг өнгөрсөн мягмар гаригийн өглөөний  цагийн үед оруулсан бөгөөд “Тэднийг авилгын хэргээр баривчилсан” гэжээ. 

Тодруулбал, ZTE корпорацийн удирдлагуудыг “Монголын Үндэсний Боловс­рол Дижитал Хөтөлбөр”-тэй хамааралтай авлигын хэрэгт сэжиглэн хорьжээ” гэх мэдээллийг нийтэлсэн байна. Мөн АТГ-ынхан тус корпорацийн байранд шалгалт хийж, зарим дарга нарынх нь бичиг баримтыг хураасан гэх мэдээллийг өгчээ. Бид энэ талаар тодруулахаар тус корпорацийн ажилтантай өчигдөр холбогдсон бөгөөд тэрбээр “Манай дарга нарыг барьсан нь үнэн. Гэвч хэзээ гэдгийг нь тодорхой мэдэхгүй” гэх мэдээллийг өглөө. Харин энэ мэдээллийн хариу болгож тус корпорацийн төвөөс “Манай Монгол Улс дахь үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа бөгөөд ZTE корпораци нь Монгол Улсын болон Олон улсын хууль эрхзүйд захирагдан үйл ажиллагаагаа явуулдаг” гэсэн мэдэгдлийг гаргасан байна. Тэгвэл энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээгээс тодруулахад “Ийм зүйл сонсоогүй юм байна. Маргаашнаас манай хэвлэл мэдээллийн ажилтнаас асуучих. Тэр хүн мэдэж байх ёстой” гэв. Харин хэвлэлийн ажилтан Билгүүнтэй холбогдох гэсэн боловч утас нь салгаастай байв. Тэгвэл тус газрын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас энэ асуудлыг тодруулахаар утас цохиход “Хуралтай байна. Эргээд залгая” гэсэн юм. Харин цагийн дараа дахин залгасан боловч утсаа салгасан байлаа. 

БНХАУ-ын төрийн мэдлийн гэх ZTE корпораци Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдалд халдаж, улсын нууцтай холбоотой мэдээллийг дамжуулдаг байж болзошгүй гэх түгшүүрт мэдээ сүүлийн хэдэн жил байнга гарах болсон.  Тэр ч бүү хэл “Wall street journal”-д “М.Каддафигийн дэглэмийнхэнд интернэтээр сөрөг хүчнийхнийг хянахад тусалж байсан гэх ZTE корпарици өнөөдөр ямар шалгуураар Монгол Улсад орж ирээд, харилцаа холбооны салбарыг ногоон гэрлээр гартаа оруулав” гэх дуулиант мэдээлэл цацагдаж байсан удаатай. Хэрэв АТГ-ынхан ZTE корпорацийнхан үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийг дагаад олон асуудал сөхөгдөх нь лавтай ба хэнийг ч хөлдөө чирж мэдэх юм. Яагаад гэвэл 2000 оны эхээр БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчлал хийхдээ 300 сая долларын хөнгөлттэй зээл авахыг манайханд санал болгож тухайн үед энэ зээлийг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэн “Ийм өндөр хүүтэй зээл авах хэрэг бидэнд байхгүй. Өр шүү дээ” хэмээж байсан гэдэг. Гэвч тухайн үед Харилцаа, холбооны зохицуулах хорооны удирдлагаар ажиллаж байсан эрхмүүд ZTE корпорацийг лообийдон Монгол Улсад дахин нэг төсөл хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж ярьцгаадаг. Тухайн үед буюу 2000 оны үед УИХ-ын зарим гишүүн энэ асуудалд ямар байр суурьтай байсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай бичиж, дуулиан тарьж байсан нь баримт болон үлдсэн байдаг юм.

ZTE олон улсад нэр хүнд муу. Тухайлбал, хоёр жилийн өмнө Филиппинд нэгэн дуулиан дэгдсэн нь NBN/ZTE-гийн гэх тодотголтой хэрэг байсан. Энэ нь тус улсын мэдээллийн системийг шинэчлэхтэй холбогдуулан Филиппиний Ерөнхийлөгч Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид Хятадын ZTE фирмтэй 329,5 сая ам.долларын гэрээ байгуулж дундаас нь их хэмжээний авлига авсан гэх дуулиан юм. Энэ хэрэг сүүлдээ учир замбараагаа алдаж, Филиппинийн шүүхээс Авлигатай тэмцэх байгууллагын даргыг эрх баригчидтай нийлж ZTE корпориацас их хэмжээний авлига авсан хэмээн огцруулсан гээд таагүй мэдээлэл их байдаг. Хэрэв уншигчид санаж буй бол өнгөрсөн жил Татварын ерөнхий газрынхан “Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг ч төгрөгийн татвар төлөөгүй гэдэг асуудлыг босгож байлаа. Тэр ч бүү хэл “Тус компани манай улсад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 15 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж, 200 орчим сая долларын ашигтай ажилласан гэдэг бөгөөд одоогоор 1.6 тэрбум төгрөгийн татварын өр илрээд байгаа тул УМБГ-ынхан шалгаж эхэллээ. Тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Су Минд эрүүгийн хэрэг үүсгэсэн ба цаашид өрийн хэмжээ нэмэгдэж болзошгүй” гэсэн мэдээлэл одоогоос яг нэг жилийн өмнө хэвлэлүүдээр гарч байжээ.

Эцэст нь өгүүлэхэд ZTE компани манай улсын харилцаа холбооны салбарыг гартаа оруулчихсан нь үнэн. Үүний нотолгоо нь тус компани Монголын бүх үүрэн телефоны операторуудын дэд станц, тоног төхөөрөмж, төмөр замын харилцаа холбооны суурь бүтцийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Тэр ч бүү хэл үндэсний гэх тодотголтой “Жи-Мобайл” л гэхэд Хятадын Засгийн газрын шууд хөрөнгө оруулалттай компанийн чанаргүй утсыг хэрэглэгчиддээ сонголт болгодог. Мөн тус компанийн үнэгүй гээд тараагаад байгаа гар утас, хөдөөгөөр суурилуулаад байгаа ZTE-ийн тоног төхөөрөмжүүд нь ямар чанар чансаатай басхүү хэнд хэзээ ямар мэдээлэл дамжуулдгийг бид мэдэхгүй хэмээн нөлөө бүхий эрхэм хэлж байсан удаатай. Гэвч тус компани өнөөдөр үйл ажиллагаагаа улам бүр тэлж, Засгийн газар, төрийн байгууллагуудад дүрст хурлын систем, “Монголын цахилгаан холбоо” ХК-д интернэт, МШХХТГ-т хот доторх болон олон улсын яриаг хянах “Softswitch” систем суулгах ажлыг хийж гүйцэтгэж буй нь яах аргагүй энэ төрд нууц үлдсэн болов уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Яагаад гэвэл ZTE корпораци нь дээрх төслийг хэрэгжүүлснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, хүмүүсийн хэл яриа, дүрс бичлэгийг хуулж авах бүрэн боломжтой болж байгаа юм.  

Л.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж