Багш, сурагчид тайлангаа тавив

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Багш, сурагчид тайлангаа тавив

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн багш, сурагчид өчигдөр 2012-2013 оны хичээлийн жилийн тайлангаа эцэг, эхчүүддээ тайлагналаа.

Тус сургууль нь математик физик, англи хэл, мэдээлэл зүйн чиглэлээр  гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг ахлах сургууль юм.  Үндсэн хичээлийнхээ хажуугаар  мэргэжлийн сургалт буюу интерьер дизайн, график дизайн, хувцас загвар, хими технологи, үсчин, гоо сайхан, техникийн загварууд,  мод сийлбэр гэх мэт олон чиглэлээр хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог юм байна. 

Боловсролын шинэчлэлийн бодлого Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, "Авьяас", "Ном" хөтөлбөрийг тус сургуулийн хамт олон жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хүүхэд бүрт нуугдмал авьяас байдаг гэдгийг эцэг, эх олон нийтэд ойлгуулж чаджээ. Тус сургуулийн 500 гаруй хүүхдээс нэг нь ч хичээлээс гадуурх сургалтаас хоцроогүй бүгд дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр өөрийн сонирхлоор сонгон суралцаж байна. Мэргэжил тус бүрээр сар бүр үзэсгэлэн гаргаж тэнд хүүхэд бүрийн бүтээл дэлгэгддэг байна. Шилдэг бүтээлүүдээ нэгтгэн жилдээ нэг удаа эцэг, эхчүүд, боловсролын байгууллагуудын төлөөллийг урьж тайлангаа тавьдаг уламжлал тогтжээ.

 Авьяаслаг хүүхдүүдийн тайланг үзээд тэр нь илүү байна гэхийн аргагүй тэгш сайн бүтээл хийдэг,  төгс сайн хүүхдүүд л гэж хэлмээр санагдсан. Монгол бичгээр бүгд л гайхалтай уран бичиж, хөвгүүд нь сийлбэр, комьютер графикаар мэргэжлийн өндөр түвшний бүтээл хийжээ. Хими, технологийн чиглэлээр суралцдэг хэсэг нь үнэртэн гоо сайхан ч гаргаж авч.  Охидын хувьд дийлэнх нь загвар зохион бүтээгч бөгөөд тэрийгээ дагаад бүгд л загвар өмсөгч, үсчин, гоо сайханчид болон бэлтэгдэж байна. Тэд тайлангийнхаа үеэр сүүлийн 2 жилд урласан 100 орчим хувцасны загвараа өөрсдөө өмсөж, үс засалт, нүүр будалтаа мөн л өөрсдөө хийж  үзүүлсэн нь эгээ л "Гоёл" наадмыг санагдуулам сүртэй, тансаг загварын шоу болов. Тэр гайхалтай хувцасыг урласан дизайнер охидыг дизайнерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд урилгаар суралцуулах хүсэлтээ аль хэдийнэ ирүүлчихээд байгаа гэсэн. Ер нь эдний төгсөгчид бүгд л гадаад, дотоодын их дээд сургууль элсэн суралцдаг бөгөөд дийлэнх нь урилгаар сургуулиа сонгочихдог байна.

Тайлангийн үеэр тус сургуулийн захирал Д.Гантөмөр "Шинэчлэлийн засгийн газраас "Зөв монгол хүн" үндэсний хөтөлбөр боловсруулж, хүүхэд бүрийн  авьяасыг нээх ажлыг бид дэмжин ажиллаж, талархан хүлээн авч байна. Зөв монгол хүнийг хөгжүүлэх нь  боловсролын салбарынхан бидний гол зорилго юм.  "Авьяас" хөтөлбөрийн хүрээнд бид хүүхдүүдийн дунд нуугдмал байгаа, нуугдаад гарч ирэхгүй байгаа авьяасыг яаж хөгжүүлэх вэ гэдэг аргыг 6-7 жилийн хөдөлмөрөөрөө бий болгож чадсан. Энэ нь манай хүүхдүүдийн тайлангаас тод харагдах байх"  гэж байлаа.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж