Ким Чен Ун БНСУ-ыг дахин заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун БНСУ-ыг дахин заналхийлэв

Байлдааны буудлага, далавчит пуужинг угтан сөнөөх мөн “нарийн тусгалтай” нисгэгчгүй онгоц ашиглах арга барилыг сургуулилсан армийн хээрийн сургуулилтад Хойд Солонгосын лидер Ким Чен Ун оролцлоо гэж БНАСАУ-ын хэвлэл мэдээлэл дамжуулжээ.
 

Ким Чен Ун. Фото: KNS / AFP

Хээрийн сургуулилт хэзээ, хаана хийгдснийг Пхеньян албан ёсоор мэдээллээгүй. Орон нутгийн телевизээр харуулсан видео бичлэгт нисэгчгүй онгоцтой төстэй аппарат уул мөргөн дэлбэрч байв. Ким Чен Ун хэлэхдээ Хойд Солонгосын дронууд “Өмнөд Солонгосын байг төсөөлөн нислэгийн сургууль хийлээ” гэжээ.

Өмнө нь Хойд Солонгосын зэвсэглэлд нарийн тусгалтай нисгэгчгүй төхөөрөмж байгаа гэж мэдээлж байгаагүй юм. Мөн тийм нарийн тусгалтай зэвсэг байгаа нь ч тогтоогдоогүй. Ойрхи Дорнодод импортлогдсон байн зориулалтай Америкийн нисгэгчгүй нисэх аппаратын  хуучин загварыг үндэс болгосон өөрийн дроныг Хойд Солонгос хийж эхэлсэн гэх мэдээлэл өнгөрсөн жилд гарсан байв. Мөн энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй.

Далавчит пуужинг  угтан сөнөөх чадвартай гэх жижиг пуужингуудын нислэгийг видео бичлэгт үзүүлсэн байлаа. Тэр нь өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулагдсан Өмнөд Солонгосын шинэ далавчит пуужингийн эсрэг зориулагдсан бололтой. Өмнөд Солонгос өөрийн шинэ пуужингаа Хойд Солонгосын ямар ч байг онон сөнөөж чадна гэж байлаа.

Үүний зэрэгцээ БНАСАУ энэ сарын 21-нд мэдэгдэл хийн өдөөн хатгалга гарвал Япон дахь Америкийн цэргийн баазад пуужингийн довтолгоо хийнэ гэсэн байв. “Гуамын арал дахь В-52 бөмбөгдөгч онгоцны Андерсоны цэргийн бааз мөн Окинава арал дахь тэнгисийн цэргийн бааз нь нарийн тусгалын зэвсгийн системийн онилгоонд байгаа гэдгийг АНУ мартах ёсгүй” хэмээн БНАСАУ-ын Цэргийн дээд командлалын төлөөлөгч мэдэгджээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж