Тав хоногт авьяасаа хөгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.21-нд нийтлэгдсэн

Тав хоногт авьяасаа хөгжүүлжээ

“Авьяасгүй хүн гэж үгүй” хэмээх хэн
хүнд урам зориг, итгэл хайрласан энэ үгийг “Ирээдүй” цогцолборын
Нэгдүгээр дунд сургуулийн сурагчид уриагаа болгон “өмчилжээ”. Үг дуу
цөөнтэй, аливаа ажлын ард үлдэж, ангийн нөхдөөсөө нэг л хоцроод явдаг
байсан 7а ангийн А.Тэмүүлэн тавхан хоногийн дотор уран илтгэгч болж.
Хааяахан аядуу зөөлнөөр хэдэн үг хэлж, юм бодоод л суудаг байсан хүүгээ
тав хоногийн дараа ангийн нөхөд, багш нарынхаа өмнө илтгэл тавьж байхыг
харсан аав ээж нь гайхаж, учиргүй баярласан тухайгаа багшид нь ярьжээ.
Та магадгүй юун тав хоногийн тухай яриад байгаа юм бол? хэмээн асууж
байгаа байх. Монголын сурагчдын холбооны залуус “Авьяас” хөтөлбөрийн
дагуу санаачилга гарган энэ сургууль дээр тав хоногийн эрчимжүүлсэн
сургалт явуулсан байна. Тэд хамгийн гол зорилгоо “Хэрэв хүн хүсвэл ямар ч
хугацаанд өндөр амжилтад хүрч чадна. Хүүхэд бүрийн авьяас, чадварыг
нээн хөгжүүлэхэд хүүхдүүд өөрсдөө нэгэндээ маш их дэм үзүүлдэг юм шүү
гэдгийг бусдад харуулах…” хэмээн тодорхойлсон юм. Үнэхээр ч Ирээдүй
цогцолборын Нэгдүгээр сургуулийн 115 хүүхэд өөр өөрсдийн сонирхсон
чиглэлээр тав хоног сургалтад сууж үнэмлэхүй амжилтанд хүрчээ. Сурагчдын
холбооныхон хүүхдүүдийг Илтгэх урлаг, бүжиг, гитар, загвар-гоо зүй,
компьютерийн гэсэн таван төрлөөр тав хоног сургасан байна. Үр дүнд нь
хүүхдүүд өөртөө итгэлтэйгээр бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлэх
чадварт суралцаж, Самба бүжгийн хамтлаг байгуулж, зургаан утастай
гитараар таван ая тоглож сурчээ. Анх тав хоногт гитар тоглож сурах тухай
аав ээждээ хэлээд “Яаж амждаг юм.Бүтэхгүй зүйл.Цагийн гарз…” гэсэн
хатуу үг сонссон ч сурч чадсан авьяаслаг хүүхдүүдтэй бид уулзсан юм.

9ж ангийн сурагч н.Наранбат: Гитар тоглох амархан

  • Миний дүү өмнө нь гитар тоглодог байсан уу?
  • Үгүй
  • Одоо хэдэн ая тоглож сураад байна?
  • Таван дууны ая тоглож байна
  • Хэд хоногт сурав?
  • Тав хоног сургалтанд суусан
  • Гитар тоглож сурах хэцүү байна уу?
  • Үгүй ээ. Их амархан.Эхэндээ хуруу л их өвддөг юм билээ. Яваандаа
    дажгүй ээ. Би том болоод нийгмийн зүтгэлтэн хүн болно л доо. Зүгээр л
    хүнд хөгжмийн боловсрол хэрэгтэй гэж бодоод гитар тоглож сурч байна.
  • Гитар, компьютер тоглоом хоёр зэрэгцээд байж байвал чи алийг нь сонгох  
  • Гитараа…
  • Яагаад? 
  • Компьютер тоглоомыг бүгд л дандаа л тоглодог.Харин гитарыг бол
    чаддаггүй. Тэглээ ч хамаагүй сонирхолтой. Аа тийм, бас компьютер чинь
    нүдний хараанд маш муу.

9в ангийн сурагч н.Хонгорзул: Аав ээж маань их гайхсан

  • Тав хоногт хэдэн ая тоглож сурав?
  • Одоогоор дөрвөн ая тоглож чадаж байгаа. Нот уншаад л тоглочихдог юм. Энэ сургалтаар бас нот харж сурсан.
  • Гитар тоглох хэцүү байна уу?
  • Нэг их хэцүү биш ээ. Ер нь бол амархан шүү дээ.
  • Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
  • Багш мэргэжлийг сонгосон
  • Аав ээж нь тав хоногт гитар тоглож сурна гэхэд юу гэж байв?
  • Анх яаж тав хоногт сурах юм бэ? Хэцүү шүү дээ гэж байсан. Бид
    өнгөрсөн амралтын өдрүүдээр тав хоногт сурсанаараа тоглолт хийж аав
    ээждээ үзүүлсэн. Аймаар гайхаад бас баярлаад намайг шагнасан/инээв/

Ам уралдан ярих эдгээр хүүхдүүдийн нүдэнд аз жаргал, итгэл, зоригийн гал
тодоос тод гэрэлтэж байлаа. Авьяасаа нээж амжилтанд хүрсэн сурагчдын
эцэг эх ч хүүхэддээ их л урамтай байгаагаа сургуулийн хамт олонд
илэрхийлжээ. Монголын сурагчдын холбоо цаашид энэ мэт ажлуудыг бусад
сургуулиудад зохион байгуулах бодолтой байгаа. Цаашлаад хүүхэд бүрийн
авьяасыг нээх клуб байгуулахаар зорьж байгаагаа ч хэлсэн. Хүүхдийн
сонирхол, тэр дундаа авьяас дээр нь тулгуурлан хөгжүүлэх, өөрөөр хэлбэл
хүүхдийг даалгавраар дарж биш хөгжөөж хөгжүүлэх нь илүү үр дүнтэй
гэдэгтэй сурагчид санал нэг байв. Сургуулийн багш нар ч гэсэн заах аргаа
шинэчлэн хүүхдийг аль болох ядрааж, залхаалгүй, сонирхолтой хэлбэрээр
хичээлээ ордог болсон байна. Дэлхий нийтээрээ сургууль бол хамгийн
уйтгартай залхмаар газар гэсэн ойлголттой болоод байгаа өнөө үед энэ мэт
шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймдээ ч сайжруулж, шинэчилж
байна хэмээн багш нар ярьж байсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж