Хуульд олон шинэ зохицуулалт орж буй бөгөөд өнгөрсөн арга барил, өмнөх тогтолцоогоор хууль бус үйлдэлтэй тэмцэх боломжгүй болсон тул ийн хуулийн төслүүдийг санаачлах болсныг хэлж байв.
Мэргэжлийнхэн энэ талаар илтгэлдээ “Нийгмийн тогтолцооны шилжилтээс шалтгаалан гэмт хэргийн тооны өсөлт бий болсон. Цаг үе өөр болсон. Гэтэл хууль зөрчигчидтэй ажиллаж, тэмцэх арга барил хуучнаараа л байна. Өнөөх л өмнөх нийгмийн үед ч гарч байсан, одоо ч гарч байгаа хүн амь, хулгай, дээрмийн гэмт хэрэгтэйгээ бид тэмцэж ажиллаад байж чаддаг. Гэтэл шинэ төрлийн гэмт хэргүүд дээр үр дүнтэй ажиллаж чадахгүй нь. Үргэлж анхаарч, олон талаас нь байнга довтолж байдаг хэргийн төрлүүд дээр ч үр дүн гаргаж болж байна. Жишээ нь, Галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэг 2012 онд 3 бүртгэгдсэн. Гэтэл үнэн хэрэгтээ хууль бусаар сум зардаг зөрчил Нарантуул зах дээр өдөр бүр л гарч байгаа. Мөн хүний наймааны асуудлаар хэвлэлийн хуудсаар жил дамнан гардаг. Ийм гэмт хэрэг бүртгэгдсэн нь мөн л тав зургаа. Энэ мэтчилэнгээр түгээмэл хэргүүд дээр болж буй ч үндэстэн дамнасан хэрэг, мөнгө угаах зэрэг хэргүүдэд ажиллах бүтэц, хүн хүчний боломжгүй болоод байна” гэв.
Мөрдөх алба бий болсноор энэ мэтийн хүн хүч хүрэхгүй, мэргэжлийн чадвар дутах асуудал үгүй болох бөгөөд Эрүүгийн хуулийн 180-аад зүйлийн гэмт хэргийг хуучин бүтцээр, 30-аад төрлийн гэмт үйлдлийг мөрдөх албанд хариуцуулахаар төлөвлөөд буй аж.
Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг улам сайжруулах, эргэж харах заалтуудыг шийдвэр гүйцэтгэгчид анхааруулж байсан бөгөөд хурандаа н.Батболд “Маршалын албаны чиг үүрэг нь гэрч хохирогчийг хамгаалах, шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой гэж ойлгож байна. Гэтэл зарим заалтууд нь бусад хууль сахиулах байгууллагын чиг үүрэгтэй давхцаж байна. Жишээ нь, амьдрал дээр, нэгэн хоригдол орголоо гэж бодоход, цагдаагийнхан нь тусдаа, хорих байгууллагынхан нь тусдаа арга хэмжээ авч, яаж ийгээд өөрсдөө барих гээд байдаг. Гэтэл үүн шиг Маршалын алба нь зарим үйл ажиллагаанд давхцаж орох гээд байгаа юм биш үү” гэх саналаа хэлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос мөрдөх албанд ажиллахын тулд цэргийн алба хаасан байх ерөнхий шаардлага тавьж болдоггүй юм уу гээд, захирах захирагдах ёсыг мэдэрсэн хүн ажилллах нь зөв байх гэсэн санал гаргав. Гэв ч энэ санал нь хуулийн ажлын хэсгийнхэнээс дэмжлэг аваагүй бөгөөд “хэрэв дарга хүн хууль бус үүрэг даалгавар өгвөл, захирах захирагдах ёстой гээд даган биелүүлэх биш, бурууг нь хэлдэг. Дээд албан тушаалтанд нь мэдэгддэг байх ёстой” гэдгийг онцлов.