“Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурал хойшилсон талаар Блүүмбергийн цахим хуудсанд мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр анх төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардал өсч 6,6 тэрбум ам.доллар болсон асуудлыг энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх байсан аж. Хувь нийлүүлэгчдийн хурлаар “Рио тинто” хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тайлбарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байсан ч Монголын талд тус компанийн зүгээс шаардлагатай мэдээлэл өгөөгүй байгаа гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр мэдэгдсэн юм.
Дашрамд дуулгахад, “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд анх зарлан хуралдуулж, Монголын Засгийн газраас томилогдсон Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Рио Тинто компанийн талтай хэлэлцээрт орж байсан удаатай. Улмаар хоёрдугаар сарын сүүлээр дахин “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан зарлагдаж, гурав дахь удаагаа өнөөдөр үргэлжлүүлэхээр төлөвлөгдөөд байсан ч ийн хойшилжээ.
С.БОЛОР