“Apple”, “Dell” нар Foxconn-ы үйлдвэрийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Apple”, “Dell” нар Foxconn-ы үйлдвэрийг шалгаж байна


“Apple”, “Dell” болон “Hewlett-Packard” компаниуд лхагва гаригт мэдэгдэл хийж, Хятадын өмнө зүгт орших Тайванийн “Foxconn Technology” группын үйлдвэрийг шалгаж буй тухайгаа мэдэгдлээ. Учир нь дэлхийн томоохон цахилгаан бараа, компьютер үйлдвэрлэгчид “Foxconn Technology” групптэй гэрээтэй ажиллаж, “Foxconn” тэдний захиалгаар дэлхийд алдартай олон бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг бөгөөд сүүлийн үед тус үйлдвэрийн ажилчид ажлын байрандаа амиа хорлох тохиолдол олноор гарч буйтай холбоотой ажлын байрны нөхцлийг хянан шалгах арга хэмжээ авч эхэлсэн байна. Дашрамд дурдахад, “Foxconn” группын тус үйлдвэрт “Apple” компанийн iPod, iPad, iPhone, Intel-ийн эх хавтан, “Sony”-гийн PS2, PS3, “Microsoft”-ын Xbox, “Nintendo”-гийн Wii болон “Dell”, “HP”, “Motorola”, “Amazon Kindle” нарын шилдэг бараа бүтээгдэхүүн, эд ангийг үйлдвэрлэдэг ажээ.

Хятадын Шеньжень хотноо байрлах үйлдвэрт 300 мянга гаруй ажилчин, албан хаагч ажиллаж, амьдардаг бөгөөд он гарсаар есөн ажилчин өндөр барилгаас унаж, амь насаа алджээ. Харин хамгийн сүүлийн тохиолдол нь өнгөрөгч мягмар гаригт гарсан юм. Цагдаа нар хэргийг мөрдөж, тэдгээр есөн тохиолдлын долоо нь амиа хорлосон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн хоёр ажилчин амиа егүүтгэхээр байшингаас үсрэх гэж байсныг аврагчид болиулсан байна.

Үхэл дагуулсан дээрх хэрэгтэй холбоотойгоор “Foxconn”-ын гол үйлчлүүлэгчдийн нэг “Apple” компани Америкаас баг илгээж, олон эмгэнэлт хэргийн үүр болоод буй үйлдвэрийн барилганд хяналт шалгалт хийлгэж байгаа ба цаашид өөрсдийн бараа бүтээгдэхүүний чухам ямар нөхцөл байдалд хийлгэж буй талаар анхаарлаа хандуулна гэжээ.

Мөн “Hewlett-Packard” удаа дараа гарч буй энэ харамсалтай хэрэгт “Foxconn” ямар нэг байдлаар холбоотой байж болох талаар шалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн “Dell” корпорацийн зүгээс бэлтгэн нийлүүлэгч байгууллагынхаа ажлын байрны стандартыг мөн хянах арга хэмжээг эхлүүлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж