Citigroup банк 730 сая ам.доллар төлөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Citigroup банк 730 сая ам.доллар төлөхөөр боллоо

АНУ-ны хөрөнгө оруулалтын “Citigroup” банк санхүүгийн хямралтай холбоотойгоор бонд эзэмшигчдийн гаргасан гомдлыг барагдуулахын тулд 730 сая ам.доллар төлөхөөр боллоо.

Тус банк 2006-2008 оны хооронд үйлчлүүлэгчдээ төөрөгдүүлэн залилж, хоёрдугаар зэрэглэлийн Моргейж болон бусад өндөр эрсдэл бүхий хувьцаанд хөрөнгө оруулалт хийлгэсэн хэрэгт  буруутгагдаад байгаа юм.

Хэдийгээр дээрх гомдлыг үгүйсгэсэн боловч “тодорхойгүй байдлыг шийдвэрлэх”-ийн тулд төлбөр төлөхөө банкны зүгээс мэдэгдсэн байна.

2012 оны наймдугаар сард хувьцааны ханшаа өсгөхийн тулд нэмэлт өрийн зах зээлд хөрөнгө оруулалт хийснээ нуун дарагдуулсан хэмээн хөрөнгө оруулагчид нь буруутгасан бөгөөд тухайн үед 590 сая ам.долларын төлбөр төлөхөө албан ёсоор зарлаж байсан удаатай.

Бонд эзэмшигчдийн мэдүүлгээс харахад тус банк нь Моргейжийг дэмжсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх тал дээр буруу тайлбар өгсөн төдийгүй зээлийн алдагдлын талаар бүрэн гүйцэт ойлголт өгөөгүй ажээ.

“Бид дээрх мэдэгдлийг үгүйсгэж байгаа бөгөөд энэхүү төлбөрийг төлж байгаа нь нэг талаасаа тодорхойгүй байдал, үүрч буй ачаа дарамт, цаашид сунжрах хандлагатай шүүхийн заргатай холбоотой зардлыг шийдвэрлэх зорилготой. Нөгөө талаас санхүүгийн хямралаас үүдсэн гомдлыг шийдвэрлэхэд чиглэсэн бидний зүгээс хийж буй дорвитой алхам юм. Бид энэ асуудлын ард гарна гэдэгт найдаж байна. Манай банк санхүүгийн хямралын эхэн үеийг бодвол өнөөдөр үндсээрээ өөрчлөгдсөн өөр компани болсон” гэж тус банкныхан мэдэгдэлдээ дурджээ.

Гэхдээ төлбөр төлөх эсэх асуудлыг АНУ-ын дүүргийн шүүх албан ёсоор баталгаажуулах юм.

Тус банкны хувьцаа унахад хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний гарз хохирол амссан юм. Банкны зүгээс энэ талаарх мэдэгдлийг мөн л үгүйсгэсэн бөгөөд хууль шүүхтэй холбоотой ихээхэн зардал гарахаас зайлсхийх үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа хэлжээ.

 
Р.ГАНТУЛГА
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж