Хөрөнгө оруулагч компаниудын хувьцааны ханш унав

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагч компаниудын хувьцааны ханш унав

Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон уул уур­хайн компаниудын хувьцааны ханш өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш ерөнхийдөө уналттай байгаа. Үүнд сонгуулийн хүлээлт, сонгуулийн өмнө батлагдсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах зорилготой хууль зэрэг нь нөлөөлсөн гэж шинжээчид хэлж буй. Монголын хөрөнгө оруулалтын банк /MICC/-аас гар­гадаг Монголын уул уурхайн индекс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дунджаар 147 нэгж байсан бол одоогоор дөнгөж 72.7 нэгж болж буураад байгаа юм. Үүнээс үзэхэд уул уурхайн компаниудын хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин буурчээ. Он гарсаар хувьцааны ханш бага зэрэг сэр­гэх хандлагатай байсан ч хоёр­дугаар сар гарсаар эргээд буурч эхэлсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Монголын уул уурхайн индекс өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буурсныг MICC-ийн шинжээчид дуулгалаа. Үүнээс үзэхэд хувьцааны ханшийн бууралт үргэлжилсээр байна. Га­даадын хөрөнгө оруулагчид, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хоёр­дугаар сараас хойш хүлээлтийн байдалд шилжээд байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж буй билээ. Уг хуу­лиар Монголын уул уурхайн сал­барын эрх зүйн орчин чамгүй хатуу болох төлөвтэй байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулагчид шинээр мэндлэх гэж буй Ашигт малтмалын хуулиас ихээхэн бол­гоомжилж байгаа. Магадгүй энэхүү хүлээлт уул уурхайн ком­па-ниудын хувьцааны ханшид муу­гаар нөлөөлсөн байж болно гэд­гийг шинжээчид хэллээ.

“МОНГОЛИАН РЕСУРСЕС КОРП”-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ИХ БУУРЧЭЭ

Тус компани нь Төв аймагт алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй бөгөөд одоогоор “Сүжигтэй”, “Цэнхэр нүд” гэсэн хоёр төсөл дээр ажилладаг. Компанийн хувьцааны ханш өн­гөр­сөн долоо хоногт Авст­ралийн хөрөнгийн бирж дээр 25 хувиар унажээ. Өчигдрийн арил-жааны хаалтаар нэгж хувьцаа нь 0.045 австрали доллараар үнэлэгдэж байна. Дашрамд дурьдахад, “Монголиан ресурсес корп”-ийн хэрэгжүүлж буй “Цэнхэр нүд” төслийн тал­байд өндөр агууламжтай алт байх магадлалтайг анх 1913 онд илрүүл­сэн байдаг аж. Түүнчлэн 1980-аад онд газар гүний уурхайн үйл ажиллагааг явуулж байжээ. Сэлэнгэ аймгийн Бороо, Гацууртын уурхайтай ойр байршилтай учир “Сентерра гоулд” компани 2009 онд хайгуул хийж, 1.26 сая унци алттай гэх урьдчилсан дүн гаргаж байсан. Харин “Монголиан ресурсес корп” уг талбайд 2012 оноос үйл ажиллагаа явуулж, илүү өргөн цар хүрээтэй судалгаа хийж эхэлжээ. “Цэнхэр нүд” төслөөс ердөө долоон километрийн зайд “Сүжигтэй” төслийг тус ком­пани мөн хэрэгжүүлж байгаа. “Сүжигтэй” төслийн талбайд урьдчилсан байдлаар 110 орчим тонн алт байгаа гэдгийг тус ком­панийнхан өрөмдлөгийн үр дүнд тогтоогоод байгаа аж.

“КИНКОРА КОППЕР”-ЫН ХУВЬЦАА 20 ХУВИАР УНАВ

Өмнөговь аймагт зэс, алтны “Бронз фокс” төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Кинкора коппер” компанийн То­ронтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш мөн буурлаа. Тус компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.02 ам.долларын өртөгтэй бай­сан нь өмнөх долоо хоногтой харьцуу­лахад 20 хувиар буурсан үзүүлэлт аж. “Кинкора коппер” компани оны өмнөхөн Европын сэргээн бос­голт, хөгжлийн банкнаас зээл авахаар болсон тухай зарим олон улсын хэвлэлээр мэдээлсэн. Евро­пын сэргээн босголт, хөгжлийн банкнаас эхний ээлжинд тус компанийн Цагаан суварга дахь төсөлд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байсан. Уг мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш То­ронтогийн хөрөнгийн бирж дээр 3.9 хувиар өсч байсан юм. Харин өчигдрийн байдлаар “Кинкора коппер”-ийн хувьцааны ханш ийн­хүү бууралттай гарахад чухам юу нөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна.

“САУС ГОБИ РЕСУРСЕС”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧЭЭ

Өмнөговь аймгийн нутагт “Овоот толгой” коксжих нүүрсний талбайд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Саус Гоби ресурсес” компанийн хувьцааны ханш долоо хоногийн дүнгээрээ зургаан хувиар өссөн байна. Тус компанийн хяналтын 56 хувийг хятадын “Чалко” компани худалдан авахаар өнгөрсөн онд хэлцэл хийгдэж байсан ч УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг баталснаар тасалдаад байсан. Үүнээс хойш Ашигт малтмалын газраас тус компанийн эзэмшиж буй лицен­зүүдийг хүчингүй болгох зэрэг үйл ажиллагаа явуулснаар хувьцааных нь ханш тасралтгүй буурч бай­сан билээ. Хамгийн сүүлд тус компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг Монголын хилээр гарахыг хориглож, шалгаж эхэл­сэн нь хувьцааных нь ханшид мөн л сөргөөр нөлөөлж байсан юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт тус компанийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш ийнхүү бага зэрэг өслөө. Тус компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 2.25 ам.доллараар үнэлэгдэж байна.

“АСПАЙР МАЙНИНГ”-ИЙН ҮНЭЛГЭЭ НАЙМАН ХУВИАР БУУРАВ

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн хувьцааны ханш долоо хоногийн дүнгээр найман хувиар буурлаа. Тус ком­пани нь манай улсад коксжих нүүрсний хайгуул, олборлолтын төсөл хэрэгжүүлдэг. “Ас­пайр май­нинг” өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөл аймаг дахь Овоо­тын ордод коксжих нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Энэ нь 178 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй бөгөөд цаашид нэмэгдэх боломжтой гэж компанийн зүгээс үзэж байгаа аж. Компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 0.87 австрали доллартай тэнцэж байхаа. Оны өмнө тус компани Овоотын ордыг эхний ээлжинд 30 жил ашиглах зөвшөөрлөө авсны дараа хувьцааных нь ханш өссөөр байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн дүнгээр ийнхүү бага зэрэг буурчээ. “Аспайр майнинг” компани Овоот төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу хатуу хучилттай автозам барих, төмөр зам тавих зэрэг дэд бүтцийн ажлуудыг гүй­цэтгэхээр төлөвлөж байгаа юм.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж