УИХ-ын Тамгын газраас энэ жил “Оюунлаг оюутан” аяныг санаачлан зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Цог МУБИС-ийн оюутнуудад “Байгалийн баялаг ба залуучууд” сэдвээр лекц уншлаа. Сүүлийн жилүүдэд Монгол орон хөрсөн доорх асар их баялагийнхаа ачаар дэлхий нийтэд танигдаж байгаа. Тиймээс ч УИХ-ын дэд дарга байгалийн баялагийн талаар залуучуудад цэгцтэй ойлголт өгөх, баялагтаа эзэн байхыг уриалахыг хүсч, ийм сэдэв сонгосон гэдгээ хэлсэн. Мөн тэрээр байгалийн баялагаа хэрхэн хэрэглэхээс шалтгаалаад Монгол орны цаашдын хувь заяа шийдэгдэх учиртайг ч онцолж байсан юм. “Өнөөгийн бид Оюутолгой, Тавантолгой хэмээн ам булаалдан ярьж байгаа ч яг өөрийнх нь мөн чанарыг зөв ойлгосон нь алга байна. Тиймээс энэ их баялаг маань гадна дотны цөөхөн хэдэн мөнгөтэй хүний мэдэлд очоод дуусч байгааг” УИХ-ын дэд дарга Л.Цог дурьдсан. Тэрээр өнөөдрийн илтгэлээрээ оюутан, залууст байгалийн баялагаас гадна түүнийг тойрсон хууль эрхзүйн алдаа дутагдалтай талыг ойлгуулахыг бас хичээсэн гэдгээ хэлээд “Манай оронд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хууль ард түмэнд ямар ч ашиггүй болсон хууль. Үүнийг бид анхнаас нь эсэргүүцэж байсан. Учир нь уг хуульд “Өөрийн хөрөнгөөрөө хайгуул, олборлолт хийсэн бол төрд 34 хүртэлх хувийг нь өгч болно” гэж заасан нь огт өгөхгүй байж болно гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Энэ нь Үндсэн хуулийн байгалийн баялаг ард түмний өмч гэсэн заалтыг ноцтой зөрчдөг” хэмээн хэлсэн юм.
Т.ДАРХАН