-Ойрын үед усны хомсдолд орно гэх юм. Одоогоор усны нөөц хэр байна вэ?
-Нийслэл усны хэрэглээнийхээ 98 хувийг гүний усаар хангаж байдаг. Хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног бөгөөд энэ байдлаараа 2015 оноос гүний усны нөөцийн хомсдолд орж эхлэх юм.
– Гүний усны нөөцийг хэрхэн хуваарилж байна вэ?
-Гүний усыг дөрвөн эх үүсвэрээр түгээж байна. Төвийн эх үүсвэрийн хувьд, хотын төвийн хэсэг буюу баруун дөрвөн замаас Баянзүрх дүүрэг хүртэл усаар хангаж, үлдсэн хэсгийг Тасганы усан санд юүлдэг. Дээд эх үүсвэрийн хувьд, тасганы усан сангаар дамжуулан хотын баруун хэсэг 3,4,1,10 дугаар хорооллыг усаар хангадаг. Үйлдвэрийн эх үүсвэрээс хан-Уул дүүрэг 19 дүгээр хороолол, нэгдүгээр 40, 50, 220 мянгат, төмөр зам хэсгийг усаар хангадаг. Мах комбинатын эх үүсвэрээс Мах комбинат, нефть бааз, Орбит, Толгойтын хэсгийг усаар тус тус хангадаг юм.
-Ил урсац ялгаагүй багассан шүү дээ. Туул голд л гэхэд загас олноор үхэх болсон?
-Тийм ээ. Ил урсацын хувьд, Туул, Сэлбэ, Улиастай голууд бүрдүүлдэг бөгөөд Туул, Тэрэлж, Хүйн голын ил задгай усны төвшин ч доошилсон. Сэлбэ, Улиастай, Түргэн, Гачуурт, Хуандайн голууд адагтаа тасарч, хөрсөн шургасан байна. Ингээд гадаргын ус нийтдээ бохирдсон, ялангуяа Туул голын ус их хэмжээгээр бохирдож загас олноор үхэж, цэнгэг усны амьд биетүүд устаж байна.
-Ингээд хүн бүхэн л ундын усандаа сэтгэл зовнидог ч үүнээс хэтрэхгүй юм. Цаашдаа усны нөөцийг хангахад ямар арга байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд эхний ээлжинд ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр газрын доорхи усны байгалийн нөөц баялагийг өрөмдөмл худгийн байгууламжаар ашиглах арга байна. Туул голыг бетонон байгууламжаар боож, хиймэл нуур, усан сан байгуулах, гүний цэвэр усыг олон дахин ашиглах хэрэгтэй. Ингэхийн тулд одоогийн УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн технологийг иж бүрэн шинэчлэн “Биохийн технологийн цогцолбор” байгуулж , хүлээн авсан бохир усыг цэвэршүүлж, процессын усанд ашиглаад, илүү гарсан усаар биоцөөрөм байгуулж, гачиг үед Туул голыг тэжээх боломжтой.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт талаас нь бас гарц бий гэж ярих юм. Энэ талаар тодруулаач?
-Орчин үеийн гэр хорооллын бохир усны системийн шийдэл гээд байгаа юм. Голын хөндий намгархаг, хөрстэй, хад чулуутай газарт байрласан айл өрхүүд болон зуслангийн айл өрхийн бохир усыг нано технологийн электролизын аргаар цэвэршүүлж, эргүүлж ашиглах, био цөөрөмд нийлүүлэх боломж бий. Мөн борооны болон байгалийн бохирдсон усыг саарал усны нэгэн адил цэвэршүүлж, хуримтлуулах, ашиглах байдлаар ч юм уу гарц байгаа л даа.
-Ус их хэмжээгээр ашигладаг аж ахуй нэгжүүдийг яаж цэгцлэх вэ?
-Ерөнхийдөө БОНХЯ болон усны салбар агентлаг, хороодоос аж ахуй нэгж байгууллагуудыг шалгаж усны тоолуур суулгах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхийг эрчимтэй шаардаж байна. Ер нь ус хэмнэх, дэвшилтэт технологийг үр ашигтайг нь сонгоод үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрчихвөл бүх аж ахуй нэгж байгууллагууддаа шинэ технологийг нэвтрүүл гэж шаардах амар болох юм л даа.