
Хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд “Газрын хууль нь Үндсэн хуулийн хэмжээнд очих, үндэсний тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах чухал хууль” хэмээн онцолж байна. Ийм чухал нарийн хуулийг УИХ-аас батлахдаа эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлийг барихаас гадна аюулгүй байдлыг хангаж өгөх ёстой. Эс тэгвээс 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд үүссэн шиг гажуудал үүсэх талтай хэмээн болгоомжлуулж байна.
Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Хот орчмын бэлчээрийг малчдад эзэмшүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Нөгөө талаас авто зам тавихдаа гүйцэтгэгч компаниуд тухайн газрыг сүйтгэж байгаль экологид ноцтой хохирол учруулж байгаа учраас энэ асуудалд анхаарах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Гурав дахь санал бол Монгол Улсын иргэд газар өмчлөх эрхтэй байгаа. Гэхдээ тэр эрхээ төдийлөн эдэлж чадахгүй байна. Тэгэхээр манай нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулиар газар өмчлөх эрхийг нь баталгаажуулах асуудал байгаа юм. Мөн гадаадын аж ахуйн нэгж Монгол Улсад газар эзэмших асуудал орж ирж байгаа. Үүнийг маш нарийн судалж шийдвэр гаргах ёстой гэх олон чухал асуудал хэлэлцүүлгийн үеэр хөндөгдлөө. Түүнчлэн газрын бүртгэлийг сайжруулах хэрэгтэй байна. Газрын мэдээлэлтэй холбоотой асуудлыг ил тод болгох шаардлага бас байна” гэлээ.
УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд байгаа Газрын тухай багц хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ахалж буй бөгөөд ийм хэмжээний хэлэлцүүлгийг дахин хоёр удаа зохион байгуулна гэдгээ хэлэлцүүлгийн төгсгөлд онцоллоо. Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгад салбар хоорондын асуудлыг зохицуулах хүрээнд зөрчил үүсч байгаа асуудал цөөнгүй аж. Тиймээс тэдгээрийн хуулийн зөрчлийг арилгахад мэргэжлийн хүмүүсийн санаа бодол чухал болж байгаа юм байна.