Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа жил ирэх тусам нэмэгдүүлж буй нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк оюутан залуусын мэдсэн сурсныг бодит амьдралд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс  жил бүрийн хавар оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд 9 дэх удаагийн хурал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.

Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлын гол ач холбогдол нь Монголын ирээдүй болсон оюутан залуусын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмэхүйц шинэ санал санаачлагыг хөхүүлэн дэмжиж бодит ажил болгохоос гадна нөгөө талаар тэдэнд урам өгч ирээдүйд хийж бүтээх их зүйлийнх нь эхлэлийг амжилттай тавихад оршдог юм.
Энэ жилийн хувьд нийт 9 их дээд сургуулийн 56 оюутан 40 бүтээл ирүүлснээс эцсийн шатанд 9 сургуулийн 32 оюутны 18 бүтээл шалгарч, мэргэжлийн шүүгчдийн шударга шүүлтийн дор ШУТИС-ийн КТМС-ийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ “Арилжааны банкинд хадгаламжийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх нь” илтгэлээрээ гуравдугаар байрт, МУИС, СЭЗДС-ийн оюутан Л.Энх-Амгалан, Г.Отгончимэг, Ч.Тогтохцэрэн нар “Зээлийн ангиллын шилжих магадлалын матриц болох x-12-arima загварын комбинаци таамаглал түүний тодорхой бус байдлын үнэлгээ” итгэлээрээ хоёрдугаар байрт тус тус шалгарлаа. Харин энэ жилийн тэргүүн байрын эзнээр “Балансын шинжилгээнд үндэслэсэн үр ашгийн тооцоолол” илтгэлээрээ СЭЗДС-ийн оюутан Ч.Баттөр, С.Дашдорж нар шалгарлаа.

2002 оноос эхлэн амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Голомт банк Монголбанктай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд шилдэг оюутнуудын бүтээлийг эмхэтгэл болгон олны хүртээл болгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж