Х.Тэмүүжин бөхчүүдтэй “барилдав”

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин бөхчүүдтэй “барилдав”

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сүүлийн үед жаахан бухимдуу яваа бололтой. Түүнийгээ ч твиттер хуудсаараа дамжуулаад үе үехэн илэрхийлчихдэг болов. Шинэ сайд саяхан зарим нэг улсын цолтой бөхтэй “сошиал медиа”-гаар дамжуулан шөргөөцөлдөж, “Бөхийнхөө цалинг өмнөх сайдаасаа очиж ав. Би цагдаа нараа цалинжуулмаар байна” хэмээн хэрэлджээ.

Сураг сонсох нь ээ, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны нэр дээр нийтдээ 300 орчим бөх, тамирчин, жүжигчин нар цалинждаг байна. Тэдний гол үүрэг нь цагаан сар, улсын наадмаар “ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны бөх тэр”, эсвэл “ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны бөх тэр тэд давлаа” хэмээн цоллуулах явдал. Иймэрхүү маягаар тухайн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндийг сурталчилдаг уламжлалтай гэх үү дээ. Харин бусад үед бол зарим нь компаниудын өр барагдуулахад дайчлагдаж, бусад нь хувийнхаа бизнесийг хөөгөөд явж байдаг. Түүнийгээ “лам, бөх хоёр алга тосч амьдардаг” хэмээн цайруулах нь юу ч биш. Өмнөх Хууль зүйн сайдын үед лав нэлээд олон тамирчин “Тив, дэлхийн аваргаас медаль авсан”, улсын наадмаас цол авсан гавьяагаар ШШГЕГ-аас байраар шагнуулж байсныг санаж байна. Харин өдөр тутам хэв журам сахиулж байгаа эргүүлийн цагдаа болон хорихын ажилтнууд насаараа ажиллаад ч орон сууцанд орж чаддаг билүү.

Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ШШГЕГ болон ЦЕГ-ын нэр дээр цалинждаг тамирчид, бөхчүүдийн орон тоог суллаж, дутагдалтай байгаа цагдаа, хянагч нараа ажиллуулах шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Харин бөхчүүдийн асуудлыг соёл, спорт хариуцсан яаманд нь даатгах ёстой гэж үзжээ. Үүнээсээ болж “Увсын” гэх тодотголтой бөхчүүдтэй түнжин хагараад байгаа бололтой. Цаадуул нь сайдад гомдсон гомдлоо Улсын ерөнхий прокурор хүртэл явж тайлсан сураг ч байна.

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж