Нүүрснээс 828,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Нүүрснээс 828,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд салбарынхаа асуудлаар мэдээлэл хийдэг уламжлал тогтсоны дагуу өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийлээ.

Энэ уулзалтын хүрээнд Уул уурхайн сайд өөрийн салбарт хийгдэж буй ажлын талаар танилцууллаа. Уул уурхайн яам өнгөрсөн хугацаанд анхаарал хандуулсан хамгийн том ажил нь Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал байсан юм. Сэтгүүлчидтэй хийх нээлттэй ярилцлагын үеэр салбарын сайд уг хурлыг онцлон дурьдсан юм. Уул уурхайн яам байгуулагдсанаас хойш Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, өөрийн яамны бодлого чиглэл, тулгамдаж буй  асуудлыг шийдвэрлэхээр сайдын 58 тушаал, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 22, нийт 80 ажлын хэсэг салбар бүрт ажилласан байна. Ажлын хэсгүүдээс 36 нь үүрэгт ажлаа дуусгажээ.

 Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримт, Шатдаг занарын салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтуудыг батлуулжээ. Мөн  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулга зэргийг УИХ-аар батлуулсан байна.  Тус яам Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулах шатандаа хэлэлцүүлэгдэж байгаа аж.

Уул уурхайн салбарын хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн бол нүүрс байдаг. 2012 онд Монгол Улс 31,1 сая тонн нүүрс олборлож, үүнээс 20,5 сая тонн нүүрсийг экпортлосон бөгөөд улсын төсөвт 828,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.  Нүүрсний зах зээлд 60 гаруй аж ахуй нэгж нүүрс олборлон, борлуулж байгаа аж. Мөн 14 сая 483 мянга 138 баррель газрын тос олборлон, нийт 14 сая 90 мянга 509 баррель газрын тос экспортлосноос улсын төсөвт 332,3 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлэн ажилласан байна. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж