Нэрт теннисчин Мария Шарапова Индиан-Уэллст болсон тэмцээнд түрүүлснээр 11 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн амжилтаараа теннисний түүхэнд зургаад бичигдэх боллоо.
Шарапова 2003 онд 16 настайдаа анх удаа Токио хотноо мэргэжлийн теннисний албан ёсны тэмцээнд түрүүлснээс хойш нийтдээ 11 жилийн турш ямар нэгэн тэмцээнд түрүүлсээр иржээ. Тэрээр нийтдээ 28 тэмцээний түрүү хүртээд байгаа юм. Хамгийн олон жил дараалан тэмцээнд түрүүлсэн амжилтаараа Мартина Навратилова толгой цохьдог ажээ.
Мартина Навратилова 1974-1994 онд буюу нийт 21 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн байдаг аж. Түүний дараагаар Крис Эверт 1971-1988 онд буюу 18 жил, Штеффи Граф 1986-1999 онд буюу 14 жилийн турш жил бүр ямар нэгэн тэмцээнд түрүүлсэн амжилтаараа бичигддэг байна.