Иракийн синдромын үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Иракийн синдромын үнэ цэнэ

АНУ Иракийг цэргээ оруулсны 10 жилийн ой энэ сард болно. “Иракийн эрх чөлөө” ажиллагаа” нэртэй энэ дайнд хэдэн мянган хүний амь үрэгдэж, хэдэн их наяд долларын зарлага гарсан нь АНУ-ын хийсэн болоод хийх төлбөрийн ердөө нэг хэсэг нь билээ.

Ж.Бушийн засаг захиргааны тооцоолсноор Иракийн дэглэмийг халснаар энэ улсад хүчтэй, тогтвортой, ардчилсан удирдлага гарч ирэх ёстой байв. Мөн энэ дайн бүс нутаг дахь алан хядагч байгууллагуудад цохилт өгч, Иран, Сири зэрэг дарангуйлагч дэглэмүүдийн маневрлах орон зайг хумих, мөн Саудын Араб зэрэг оронд өөрчлөлт шинэчлэлт явуулах замыг засах, ХАМАС мэтийн бүлэглэлүүдэд тусламж очих замыг хаах, Израиль-Палестины асуудлыг шийдвэрлэх аргыг хөнгөвчлөх зорилготой байжээ. Гэтэл эдгээр төлөвлөгөө бүгд бүтэлгүйтсэн юм.

Одоо Иракт засгийн эрхийг, Ирантай ойртох сонирхолтой авторитар арга барилтай аль-Малики барьж байна. Эрх баригчид улс төрийн өрсөлдөгчдөө устгаж, “алан хядах байгууллагатай холбоотой” гэж цоллон дуртай хүнээ баривчилж, хүчний байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэн атгаж, янз бүрийн тагнуулын байгууллагын тусламжтайгаар нийгмийн бүх давхаргыг айдас хүйдэст автуулж байгааг дэлхий нийт харж байгаа билээ. Сонгууль болсноос хойш бүхэл бүтэн зургаан сарын дараа арай гэж Засгийн газраа байгуулсан нь энэ улсын хэчнээн сул доройг байгааг харуулав. Түүгээр барахгүй энэ улс шариатын хуулийг номлогч лалын шашны сүннит урсгалынхны хоорондын сөргөлдөөний тайз болсон нь бүс нутгийн олон оронд аюул занал учруулж байгаа бөгөөд Америкийн мөрөөдөж байсан хүчтэй, тогтвортой улс хаанаас нь ч харсан биш болжээ.

Ирак төдийгүй энэ бүс нутагт Ираны нөлөө эрс өсч байна. Ираны нөлөөг олон арван жилийн турш тогтоон барьж байсан элемент нь Саддам Хусейн байв. Ираныг энэ бүс нутгаас тусгаарлаж байсан “төмөр хөшиг” Саддамыг унагасны дараа үгүй болсон байна. Одоогийн Иракийн улс төрд шийдвэрлэх нөлөөтэй шийтүүд (ерөнхий сайд аль-Маликитэй гар нийлдэг аль-Систани, ас-Садр, аль-Хаким нар) өмнө нь Саддамын дэглэмээс амь зулбан гарч гадаадад сууж байгаад Америкийн түрэмгийллийн дараа эргэж ирсэн юм.

Иран улс Иракаар дамжуулан Сири, Ливан, Палестин зэрэг тус бүс нутгийн олон оронд байр сууриа бэхжүүлжээ. Америкчууд ирсний дараа Ираны холбоотон ХАМАС, “Хезболла” бүлгүүд цэргийн болон улс төрийн ихээхэн амжилт олсон юм. 2005 оноос хойш Ливан дахь Сирийн нөлөө аажмаар өссөн. Бүс нутагт Иран байр сууриа бэхжүүлснээр Израиль аюулгүй байдалдаа санаа зовних нь ихсэв. Энэ бүх үйл явдал эцсийн дүндээ Израиль-Палестины асуудлыг гарцгүй мухардалд оруулсан билээ. Сүннит урсгалынхны хоорондын сөргөлдөөн өөрт нь халдварлах вий хэмээн болгоомжилсон Персийн булангийн орнууд шинэчлэл хийснээс, улсаа хатуу гараар барих нь дээр гэж үзэх болжээ. 2006 онд АНУ-д хийсэн судалгааг үзвэл Иракийн дайнаас болж алан хядах ажиллагаа долоо дахин нэмэгдсэн байна. Дайны дараа Иран болон Сирид Курдын ажилчны намын байгуулсан байгуулсан бүлэглэлүүдийн үйлдсэн алан хядлага тоогоо алдсан билээ.   

АНУ-д Вьетнамын дайнаас хойш гадаад бодлогын хувьд олон нийтийн итгэлийг илүү хүлээсэн нам нь Бүгд найрамдах нам. Иракт хийсэн алдаа энэ байдлыг өөрчилснөөр, Бүгд найрамдах намынхны ард түмнээс олж авсан оноо Ардчилсан намынханд очсон бөгөөд ялангуяа цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн гол төлөв бүгд найрамдахчуудыг дэмждэг байсан нь эсрэгээрээ өөрчлөгдсөн гэдэг.

Гэхдээ Иракт хийсэн АНУ-ын цэргийн ажиллагааны хамгийн чухал үр дүн Америкийн ирээдүйн улс төрийн бодлогод нуугдаж байж болох юм. Вьетнамын дайнаас үүдэн гадаад дахь дайн, цэргийн ажиллагааг эсэргүүцэх сэтгэлгээ дараах хэдэн арван жилд нь АНУ-ын гадаад бодлогод ихээхэн нөлөөлсөн бөгөөд Иракийн дайны синдром ойрын жилүүдэд гадаад ертөнцтэй харилцах Америкийн харилцааг бүрдүүлэхэд чухал шалгуур болж мэдэх юм. Үүнийг харах гэж удаан хүлээх хэрэггүй ч байж магадгүй. Учир нь Сирийн асуудлаар Барак Обамагийн баримталж буй аядуу байр сууриас үзэхэд, Америкийн гадаад бодлогодоо баримтлах суурь зарчим нь Иракийн синдром байж болохын нэг баталгаа шиг харагдаж байна.

Жич: Иракийн дайнд Америкийн 4500 цэргийн алба хаагч амь үрэгдэж, 35000 хүн шархаджээ. “Wall Street Journal” сэтгүүлд бичсэнээр бол 10 жил үргэлжилсэн цэргийн ажиллагаанд 1.7 их наяд доллар зарцуулсан байна. 10 жилийн хугацаанд Иракийн 134 мянган энгийн номхон иргэн амь үрэгджээ. Дайнаас болж бэлбэсэрсэн эмэгтэйчүүд болон эцэг эхээ алдсан хүүхдүүдийн тоо хагас саяас давсан. Дайнд оролцсон цэргийн алба хаагчдад олгох ёстой боловч одоогоор олгоогүй байгаа тэтгэмж 500 тэрбум доллар бөгөөд ойрын 40 жилд энэ мөнгө зургаан их наяд доллар болж өснө.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж