Төрийн ордны Их танхимд хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлэхдээ “Баялгийн санд хуримтлагдах хөрөнгө улстөрийн арга хэрэгсэл болж, улс төрийн амлалтыг хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг байж таарахгүй. Ийм хамгаалалт, зохицуулалтыг бусад улс орнууд хэрхэн хийсэн туршлага бидэнд хэрэгтэй. Тиймээс энэ хурлаар яригдах туршлага, судлаач, мэргэжилтнүүдийн санал зөвлөмж манай улсад Баялгийн сангийн тогтолцоог бий болгоход чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
Баялгаас орж ирсэн хөрөнгийг хүний хөгжилд зарцуулах учиртай гэж үзээд өмнөх УИХ, Засгийн газрын үед Хүний хөгжлийн сан байгуулсан. Харамсалтай нь энэ сан их мэжээний зээл авч иргэдэд бэлэн мөнгө тараасан. Одоо хуримтлал үгүй байна. Иймд энэ санд хэрхэн хөрөнгө үүсгэж, удаан хугацаанд тогтвортой ажиллуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын нэн даруй хийх учиртай ажил. Ийм цаг үед олон улсын хурал зохион байгуулагдаж буйд талархаж байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ. Баялгийн сан маань манай улсын эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг хөл дээр нь босгоход үр ашгаа өгөх учиртай. Мөн өнөөдөр ашиглаад дуусах биш нөхөн сэргэгдэхгүй баялгийнхаа тодорхой хэсгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлээд баялгийн сангийн хөрөнгийг инфляцид идүүлж, үнэ цэнгийг нь алдагдуулахгүй арвижуулж байх хариуцлагатай удирдлагын тогтолцоог бий болгоход туршлага, ажил хэрэг болох санал зөвлөмж гарна гэдэгт найдаж байна гэлээ.