
-Нэг үеэ бодвол манайхан уран зураг сонирхох нь арай илүү болсон юм уу даа. Манай томоохон бизнесмэнүүд хувьдаа галерей байгуулж, зураачдын бүтээлийг дэлгэх болж. Танд ийм санал ирж байна уу?
-Миний мэдэхээр уран зураг үнэнчээр сонирхдог арав гаруй хүн бий.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр, ГХЯ-нд ажиллаж байсан Луузан гуай тэгээд хэдэн залуу бий. Бас манай Ерөнхийлөгч нэлээн арвин цуглуулгатай. Дээр үед Бямбаа гэдэг геологич ирж зураг их авдаг байлаа. Тэр хүн голдуу хууччуулын зураг авдаг байсан. Бусад нь бол бие биеэ дуурайдаг байх. Түүний хажуугаар дэмий гангарах гэсэн хүн ч олон болсон. Зургийг бүтээл гэж үнэлж чадахгүй хэрнээ ийм зүйл хийгээд байгаа хүмүүс надад таалагддаггүй. Санал ирэхийн хувьд ирдэг юм аа. Саяхан л гэхэд “Хан бүргэдэй” дэлгүүрийн эзэн том барилга барьсан, та зургаа байрлуулаач гэсэн. Нэг баяны байшинг дүүргэх гээд хэдэн зургаа чирээд явна гэхээр жаахан тийм санагдаад байж л байна даа.
-Тэгээд та зурсан зурагнуудаа хадгалаад л байх хэрэг үү. С.Төгс-Оюун гэх хүний бүтээлийг илүү олон хүн харвал гоё шүү дээ?
-Цагаан хоолны “Луна бланка” гэж рестораныг мэдэх үү. Тэнд хэдэн зургаа байрлуулдаг, байж байгаад сольдог юм. Архи тамхигүй ариун орчин гэдэг утгаар нь тэнд тавихыг зөвшөөрсөн.
-Зурсан зурагнаасаа гэртээ өлгөдөг үү. Найз нөхдөөсөө худалдаж авсан зураг байгаа юу, танд?
-Өөрийнхөө зургийг гэртээ өлгөдөггүй. Харин найз нарын минь зурагнууд бий. Худалдаж авсан гэвэл Мөнхөө гуайн “Ээж хайрхан” гэдэг бүтээлийг мөнгө төлж авсан. Тэр зураг надад маш их таалагдсан. Бусад нь найз нөхөд бэлэглэсэн, солилцсон тийм л бүтээлүүд байгаа. Би өөрөө зургийн цуглуулгатай шүү дээ.
-Цуглуулгын тань авдарт ямар ховор нандин бүтээл байгаа вэ?
-Надад тийм зураг бий гэхээр энэ мөнгөтэй хүмүүс зарчих гээд амраадаггүй юм. Тиймээс ил гаргах дургүй. Найз нарын минь бүтээл олон байгаа. Театрын Доржпалам гуайн “Албани эмэгтэйн хөрөг” зэрэг усан будгийн тун ховор бүтээлүүд бий. Өөрөө намайг дуудаж “Би чамд л хадгалуулмаар байна” гэж хэлээд өгсөн болохоор бусдаас харамлаад байдаг юм. Үр хүүхдүүд нь байсаар атал надад өгснийг бодоход зарж үрэхгүй гэж итгэсэн байх.
-Таныг ингэж хэлэхээр өөрийн эрхгүй асуумаар санагдчихлаа. Таны гараас гарсан урлагийн бүтээл ердөө ганцхан хувь. Та тэр бүтээлээ хэн нэгэнд өгнө гэхээр харамлах сэтгэл төрдөг үү?
-Хүн хүнээсээ болдог байх. Манай нэг зураач хүнд зүгээр юм аа өгч байснаас хаясан нь дээр гэж байсан удаатай. Хатуу бас харгис үг байгаа биз. Миний хувьд харамлаад сүйд болоод байдаггүй ээ. Сонирхсон хүнд өгч л орхидог. Бас буян бодоод тараачих үе ч гарна.
-Нэг үе эмэгтэй зураач цөөхөн байсан. Одоо олон болжээ. Энэ нь эмэгтэйчүүд өнөө цагт өөрсдөдөө илүү их цаг гаргаж, дуртай зүйлээ хийж чаддаг болсонтой холбоотой юм болов уу?
-Арваад жилийн өмнө эмэгтэй зураачдыг цуглуулахад 20-30 хүн ирдэг байлаа. Одоо энэ тоо нэмэгдээд 200, 300 болсон. Эмэгтэйчүүд өөртөө цаг зав гаргадаг гэхээсээ илүүтэй авьяас нь түрж байх шиг байна. Хүмүүсийн сэтгэлгээ ч өөр болсон байна шүү дээ. Энэ байшинд л гэхэд хамгийн их удсан эмэгтэй зураач гэвэл урлагийн гавьяат зүтгэлтэн До.Болдын гэргий Оюунчимэг. Түүний дараа би орох байх. Энэ урланд суугаад арав гаруй жил болж байна.
-Уран бүтээлчид онгод нь орохоороо идэж уухаа мартаад уран бүтээлдээ шамддаг гэж ярьдаг. Та тэгдэг үү?
-За тэр ч бараг үгүй дээ.
-Ингэхэд та гарын шавьтай болж байна уу?
-Гаднынхан хичээл заалгах гэж ирдэг. Япон, америк, австрали хүмүүст хичээл зааж байлаа. Одоо ч байгаа. Тэд ихэвчлэн байгалийн сэдэвтэй, монгол ахуй зурах сонирхолтой байдаг. Монголчууд ч их ирдэг болсон. Долоо хоногт ганц хоёр цагийг өөртөө зориулж дуртай зүйлээ хийж суръя гэсэн хүн бүрийг би дэмждэг. Гадныхан бол дөрвөөс таван цагийг өөрсөддөө зориулдаг. Хүүхдүүдээ их авчирдаг болсон. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн гурван охин надаар заалгаж байсан.
-Хүн бүр зурж чадах уу, эсвэл авьяастай байх хэрэгтэй юу?
-Ер нь хүн хүсэх л юм бол зурж чадна. Яаж бичиг үсэг сурдаг билээ. Түүнтэй адил. Хүний оюун ухаан ажиллаж байвал юуг ч сурна. Тэр ч бүү хэл шизопринтэй хүмүүс хүртэл зурж чаддаг. Гэхдээ тэдний сэтгэж байгаа сэтгэлэгээ, өнгө нь арай.
-Та хичээлээ хаана заадаг юм бэ?
-Энд, урландаа.
-Зургийнхаа сэдвийг яаж олдог вэ. Зураач С.Төгс-Оюун гэхээр говь, эсвэл тэмээ бас монгол хатад, цагаан уул, наранцэцэг санаанд ордог?
-Хөдөө явсан ажлуудаасаа их сэдэвлэдэг. Би говь руу явах дуртай. Монголын говь гайхалтай шүү дээ. Очих болгонд анх удаа очиж байгаа юм шиг өөр өөр мэдрэмж төрдөг. Монголын байгалийн гайхамшиг нь тэр юм уу даа. Өнгөрсөн жил би Хонгорын элсэнд очиж Нүдэн булаг гэдэг гайхалтай газрыг харлаа. Ус нь бургилаад ямар сайхан байсан гээч. Бас Сэрүүн булаг байна. Би уг нь Хонгорын элс рүү зөндөө очсон хэрнээ тэр газрыг хараагүй байсан юм билээ. Говийн элс, уулыг холоос, ойроос харахаар өөр өөр мэдрэмж төрдөг. Долоон удаа очиход долоон удаа тийм мэдрэмж төрж байгаа юм.
-Бүтээлээ зурж байх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би яг өөрт төрж байгаа тэр мэдрэмжээ л зурдаг. Тэр энэ гэхийн аргагүй. Заримыг нь үзээд л, сэтгэлдээ зураад л…
-Таны гараас хамгийн удаан гарсан бүтээл гэвэл?
-“Онгодын цаг” гэдэг зураг. Хугацааг нь сайн санахгүй ч хамгийн удаан гараас гарсан.
-Танаас хаана хаана очиж үзсэн бэ гэхээсээ илүүтэй очиж үзээгүй газрыг тань асуувал дөхөм юм уу гэж бодогдлоо.
-Нээрэн надад явж үзээгүй аймаг Монголд байхгүй. Харин очиж үзээгүй сум гэвэл бий. Сүхбаатар аймагт л гэхэд гурван удаа очсон байна. Тэр болгонд надад дандаа шинэ мэдрэмж төрдөг. Сэтгэл татагдаад. Би сая шинийн 6-нд Шилийн богд явсан. Манай урлангийн үүдэнд байсан Егүзэр хутагтын баримлыг нутагт нь залахад би явсан. Тэр том баримал манай талийгаач Цэгмидийн бүтээл юм шүү дээ. Ар гэрийнхэн нь Егүзэр хутагтын хөшөөг нутагт залаад буянтай сайхан ажил болсон. Манай Цэгмид чинь Сүхбаатар аймгийн Онгон сумынх юм.
-Саяхан Егүзэр хутагтын хөшөөг нутагт нь заллаа гээд байсан нь ийм учиртай юм уу?
-Гэр бүлийнхэн нь бүтээлийг нь харж хандах эзэнтэй болгож, нутгийнханд нь бэлэглэсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт хөшөөнийх нь суурийг хийж тун их тус болсон.
-Нутгийнхан нь яаж хүлээж авч байна вэ?
-Егүзэр хутагтын ач зээ нар нь ирээд баяр хүргээд, нутгийн олон нь таван өнгийн хадаг барьж мөргөөд сүртэй байсан. Тэр баримлыг бурханч лам Г.Пүрэвбат аравнайлж шүншиглээд нэг ёсондоо амилуулсан болохоор нутгийн олны шүтээн болсон гэсэн үг. Манай байшингийн үүдэнд байхад олон түмэн хэн гэдэг зураач хэний баримлыг хийснийг мэдэхгүй л байсан шүү дээ.
-Та Сүхбаатар аймаг л гээд байх юм. Ингэхэд та аль нутгийнх юм бэ?
-Би Булганых. Сүхбаатар аймагт олон найзтай байхгүй юу. Ер нь тэгээд би уутан хөнжлөө үүрээд хаана ч хамаагүй явна шүү дээ. Ирэх зун Сүхбаатар руу дахиад явна. Намайг хөдөөгүүр явах дуртай болохоор найзууд ийш тийшээ явлаа гэхдээ тулгаад ч хамаагүй хэлнэ. Би ч бараг хэдийд ч явсан бэлэн байдаг хүн шүү дээ. Явах бүртээ сайхан бүтээлийн санаа, уран бүтээлийн олзтой ирдэг болохоор үнэхээр явах дуртай.
-Та багш гэж хэнийг хүндэлж явдаг вэ?
-Ардын зураач Амгалан, урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэнпил нарын шавь шүү, би. Нээрэн би 40 жилийн өмнө зурсан зургуудаараа ном хийх гэж байгаа. Цэрэнпил багшаар удирдуулсан дипломын ажлын бүтээлүүдээрээ шүү дээ. Лав 30 гаруй зураг байна. 1973 онд хийж байсан дипломын ажлаа саяхан харсан чинь гоё мэдрэмж төрж байна билээ. Би бас найз нөхдийнхөө талаар, хөдөө явсан тухайгаа бичдэг. Саяхан Чимэдээгийнхээ тухай “Зууны мэдээ” сонинд бичсэн чинь уншаад уйлсан гэсэн. Их өрөвдөлтэй, манай Чимэдээ. Ганц охин нь автын осолд ороод нас барсан. Тэр тухай би “Диваажингийн гүнж” гээд бичсэн юм. Хүн найз нөхдийнхөө тухай жинхэнэ сэтгэлээсээ хайлж бичдэг шиг байгаа юм. Бас фото зураг авдаг хообийтой.
-Тийм үү. Ямар зураг авдаг вэ, голдуу байгаль уу?
-Янз бүрийн сэдвээр авдаг.
-Өөрийнхөө зурсан зургийг фотогоор авч хадгалдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Бүр өгсөн эзэнтэй нь хамт ч авдаг. Ийм зураг надад их олон байгаа. Бүгдийг нь цэгцэлж нэг сайхан альбом болгох бодолтой байгаа. Зураг болгон өөрийн гэсэн түүхтэй. Швейцарийн сэтгүүлч, Канадын эрхэм гээд л бүгдийнх нь тухай бичвэл сонин гоё ном гарах байх. Би гадаадад очихоороо тэдэнтэй уулздаг. Гэрт нь очоод миний зураг хананд нь өлгөөтэй байхыг харах сайхан.
-Голдуу л гадныхан ирж зураг авдаг бололтой юм аа?
-Ер нь манай энэ байраар бүх Элчин сайдын яамныхан ирнэ шүү дээ. Хаалга тогшоод л ороод ирнэ.Нэг сонирхолтой тохиолдол хэлэхэд Амеркийн Элчингийн дэд тэргүүн байсан эмэгтэйг мэдэх үү. Иракийн дайныг эсэргүүцэн “Би АНУ-ын төрд ажиллахгүй” гэж мэдэгдэл гаргадаг тэр эмэгтэй манай үүнгээр их ирдэг байсан. Халцарсан шаахайтай хүн яваад л байсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Гэтэл Иракийн дайн эхэлсэн чинь өнөөх хүн чинь дэлхийн бүх том хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдэгдэл хийхэд нь үнэндээ биширч байлаа. Бас нэг сонин тохиолдол ярих уу.
-Тэгээч дээ.
-Би Англид явж байхдаа нэг зураг зурсан юм. Тэгсэн манай урлангаар Английн Элчин сайд зочилж байснаа “Хүүе, энэ чинь миний багадаа амьдарч байсан байшин байна шүү дээ” гэдэг юм. Их сонин тохиолдол байгаа биз.
-Тийм байна.
-Надад энэ мэт түүх өгүүлсэн зураг олон бий. Суриковын уран зургийн академид нэг үед сурч байсан хүмүүсийн зураг энэ байна.
-Таныг сурч байхад манайхаас олон оюутан байв уу?
-Алдарт Одон, Чүлтэм, Амгалан багш нарыг төгссөний дараа Суриковт манайхаас оюутан авахаа больчихсон байсан. Тэгээд 1974 онд авахад нь би очсон юм, Дүрслэх урлагийн дунд төгссөн хойноо. Миний дараа манай Цэгмид, Лхагвасүрэн, С.Дагвадорж нар очсон.
-Та бас номын зураг их зурдаг байх аа?
-200 гаруй номын зураг зурсан. Одоо л гэхэд Монголын радиогийн Уранчимэгийн орчуулсан Тайванийн “Шилхэний асрагч” өгүүллэгийн номын зургийг хийж байна. Номын зураг амаргүй, маш их ажиллагаа ордог.
-Ингэхэд та хөрөг зурдаг уу?
-Өө үгүй, Цэгмидийгээ бас Базарваань гуайг л зурсан даа.
-Таны урлан элдэв чамин зүйл олонтой юм. Модны ураар хийсэн зүйлүүд ч байна. Та арай бас хийдэг юм биш биз?
-Модны ураар хийсэн зүйлийг хүмүүс бэлэглэдэг юм. Харин сая соёлын тэргүүн болоход манай зураач нар гол болор ваар, таваг өгсөн.
-“Хараагүй иргэдэд туслая” гэсэн мөнгөний хайрцаг ямар учиртай юм бэ?
-Бусдад туслах буяны ажилд оролцох дуртай. Хараагүй хүмүүст зориулаад хандив цуглуулдаг юм. Буяны юм гэдэг багаддаггүй. Энэ цугларсан мөнгөөр витамин авч тараана. Найз эмч нараа аваачиж үзлэг хийлгэнэ. Цусны хавдартай хүүхдүүдийн эмчлүүлдэг тасагт зурагнуудаа аваачиж бэлэглэдэг. Гаднынхан тусламж үзүүлэхээр оронд нь өгөх юм эмч нарт ховор учраас би зориуд ийм тохиолдолд бэлэглэх зураг аваачиж өгдөг юм.
Эх сурвалж: "Өдрийн шуудан"