Зутарсан иргэд гудамжинд үлдэх нь

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Зутарсан иргэд гудамжинд үлдэх нь

Зутарсан иргэд гудамжинд үлдэх нь
Зургаан хувийн хүү "үлгэр" болж, зутарсан иргэд гудамжинд үлдэх нь

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарч байсан ард түмний чихэнд маш бага хүүтэй зээлээр дулаан байранд тухлах тухай сайхан үлгэрийг Засгийн газраас нь ярьж өгчээ.

Сайд нь хүртэл албан өрөөндөө 300 саяар 00-ийн өрөө засуулж байхад жирийн иргэд боломжийн үнэ, хүү багатай зээлээр авч болно гэх дулаахан байранд тухтайхан амьдрахыг хүсэлгүй яах билээ. Тэр тусмаа утаа униар, хог шороондоо дарлуулсан Улаанбаатарт орон сууцанд амьдрах боломж олдоно гэдэг жирийн иргэдийн хувьд “хөндүүр газраас нь чимхээд авах”-тай адил зүйл.

Ингээд л баярласан иргэд амьдарч байсан байшин саваа заран, ах дүү хамаатан садангаасаа гуйж түүж хэдэн төгрөг цуглуулан байраа захиалж, урьдчилгаа мөнгөө тушаасан. Тухайн үед “100 мянган айлын орон сууц” хэмээх сайхан нэртэй, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар 3000 гаруй иргэн Төрийн банкинд бичиг баримтаа хураалгажээ. Дээр нь дээлээ зарахаас наагуур гүйж олсон хэдээ урьдчилгаа болгон доод тал нь 10 дээд тал нь 21 сая төгрөгийг Төрийн банкинд тушаасан байна. Тэгж байтал эхний ээлжинд 1081 иргэн нь байрандаа орж магнай нь тэнийсэн аж. Үлдсэн 2000 гаруй нь намар болж сэрүүн орохоор шинэ байранд орно гэсэн сайхан мөрөөдлийг сэтгэлдээ тээн айлын хажуу өрөөнд, ах дүүгийнхээ хавирга бөөрөнд наалдан хэдэн сарыг өнгөрөөж байтал гэнэтхэн л төр эргэх нь тэр. Удалгүй Орон сууц санхүүжилтийн корпорациас нь “Санхүүжилт зогссон. Та бүхний өргөдлийг шийдэх боломжгүй болсон” гэх “муу” мэдээ дуулгасан байна. Сандарсан иргэд дээр дооргүй захиа занаа бичиж, чаддаг мэддэгтэй нь уулзаж хэрэндээ л явцгаасан ч тусыг олоогүй гэсэн. Бүр Ерөнхий сайдын зөвлөхтэй хүртэл уулзсан ч “Өмнөх төрийн хөтөлбөр “Шинэчлэлийн” Засгийн газарт хамаагүй” гэсэн хариулт сонсчээ. Аргаа барахдаа жагсаал хүртэл хийж, Төрийн ордноо хоёр хоногийн турш толгойгоо эргэтэл тойрсон ч тоох хүн олдоогүй. Болохоо байгаад “өлсөнө”, “цангана” гэж айлгасан ч өлсөх зөвшөөрөл ч “олдоогүй”.

Тэгж байтал ашгүй УИХ-ын дэргэд шинэхэн байгуулагдаад байгаа Өргөдлийн байнгын хорооноос “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлаар “Нээлттэй сонсгол” зохион байгуулах сураг чих дэлссэн болохоор “хохирогчид” харзнахаар шийдсэн юм. Хэлэлцүүлэг нь өчигдөр саарал ордонд болж Төрийн банк, ОССК, Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам гэсэн гол байгууллагуудын дэд сайд болон төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нарыг цуглуулан баахан ярив. УИХ-аас Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, М.Батчимэг, Ж.Батзандан нар оролцсон.

Тэдний ярьж буйгаар орон сууцны зургаан хувийн хүүтэй зээл гэдэг нь дэлхийд хаана ч байхгүй зүйл гэнэ. Дээрээс нь хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгөнийх нь эх үүсвэр нь ч тодорхойгүй байсан юм байх. Нэг ёсондоо сонгуульд иргэдийн саналыг авах гэсэн башир арга байсан гэв. Гишүүдийн амнаас иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх гарцыг хайхаас илүүтэй өмнөх Засгийн газрын өө сэвийг гаргаж ирэх нь сонин байх шиг. Өмнөх засгийн үед гаргаж байсан учир нь олдохгүй баахан тогтоолыг он сар өдрөөр нь дуудаж сонсголоо. Мөн энэ асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгааг ч дуулгасан. Тэд энэ оны эхний улиралдаа багтаан ямар нэгэн шийдэлд хүрнэ гэсэн бас нэгэн амлалтыг өгөөд амжсан юм.

Удтал мэтгэлцсэний эцэст хохирлыг барагдуулж болох хоёр гарц дээр нэлээн хэрэлдэж, хэлэлцэв. Эхнийх нь иргэдэд учирсан хохирлыг төрийн мөнгөнөөс нөхөн төлөөд хөтөлбөрийг зогсоох. Эсвэл найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэн хүүгийн зөрүүг нь 2014-2015 оны төсөвт суулгах. Хэдийгээр сайхан сонсдож байгаа ч биелэх нь бас л тодорхойгүй. Өнөөх зургаан хувь бол алс үлдэж байна. Бурмаа хатагтайн хэлснээр “Иргэдийн саналыг худалдаж авахаас үүдсэн дэлхийд байхгүй зургаан хувийн хүү” үлгэр болж үлдэх нь. Уг нь ийм шийдвэр гаргаж иргэдэд боломж амлаж байхад АН-ын сайд дарга нарын дийлэнх нь саарал ордонд чуулганы танхимд тухалж л байсан юм. Гэтэл одоо дэлхийд байхгүй хэмээн дэвэргэж иргэдийг хохироож үлдээгээд хариуцлагыг өмнөх Засгийн газарт наагаад бултаж үлдэх арга л олсон бололтой.

ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ХӨТӨЛБӨРӨӨС УЛСЫН ТӨСӨВТ ИХЭЭХЭН ДАРАМТ НООГДОЖ БАЙНА

Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр хэн юу асууж, хэн юу гэж хариулсныг толилуулъя.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:
100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдаж, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар материалаа бүр­дүүлж өгсөн 2600 иргэний асууд­лыг хэрхэн шийдвэрлэх вэ. Тэд­нийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах боломж бий юү. Хэрвээ хөнгөлөлттэй зээлд хамруулъя гэвэл хэчнээн төгрөг шаардлагатай вэ?

Сангийн дэд сайд С.Пүрэв:
Ямар эх үүсвэрээр, хэрхэн шийдэх вэ гэдэг их асуудал. Хэрвээ өнөөдөр арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдээд улсын төсвөөс зөрүүг нь шийднэ гэвэл жилдээ 7-8 тэрбум төгрөгийн банкны зээлийн хүүгийн зөрүү өгөх юм. Энэ нь хөтөлбөр хэрэгжих хугацаанд 140-160 тэрбум төгрөгийн ачаалал татвар төлөгчдийн нуруун дээр ирж байна. Тэгэхээр үлдсэн айлуудыг шийдвэрлэхэд 100-гаад тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ энэ айлуудыг ангилж үзэх шаардлагатай. Тодруулбал, үнэхээр хохирсон хүмүүс нь ямар байна. Шаардлага хангасан нь хэд байна гэдгийг ажлын хэсэг байгуулан шалгаж үзэх шаардлагатай байна. Одоогийн хэрэгжиж байгаа зургаан хувийн хүүтэй хөтөлбөрөөс улсын төсөвт ихээхэн дарамт ноогдож байна. Зээлийн хүүгээ харж үзэх боломж хэр байгааг бид судалж байна. Мөн Засгийн газраас иргэдийг хямд орон сууцаар хангах Үндэсний хороо байгуулсан. Зээлийн хүү нь бага, төсөвт төвлөрөх ачаалал нь хөнгөрвөл 100 гаруй тэрбум төгрөгийг бид шийдвэрлэж эдгээрийн өрхийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хайж байна.Өмнөх Засгийн газрын ажил гээд бид хаях биш, энэ хүмүүст амлаад, амьдрал ахуйд нь нөлөөлсөн учраас асуудлыг нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:
Төсөвт том ачаа ирж байгаатай санал нийлж байна. Бид энэ тактикийг цааш нь үргэлжлүүлбэл олон улсын хүний эрхийн болон тэгш эрхийн конвенцийн үндсэн зарчим алдагдах юм. Тиймээс бид үүнд дүгнэлт хийж тактикаа өөрчлөхгүй бол иргэдийнхээ олонхид шүүмжлүүлэхэд хүрээд байна. Яагаад гэвэл өргөдөл өгсөн 1800 гаруй иргэнд Засгийн газар хэтэрхий их хөнгөлөлт үзүүлж байна. Бусад мянга мянган иргэн арилжааны банкаар дамжуулан 15-20 хувийн хүүтэй моргейжийн зээл авч байгаа. Тиймээс Засгийн газар иргэдээ ялгаварласан хэрэг болоод байна. Тэгэхээр бид үүнийгээ зогсоох шаардлагатай. Цааш нь үргэлжлүүлье гэвэл Засгийн газарт боломж байгаа. Монголчууд мөнгө хадгалж хуримтлал үүсгэж чаддаггүй. Үрэлгэндээ ч юм биш, цалин хөлс багатай холбоотой. Монголчуудын мөнгө хуримтлуулах хэмжээ 5-7 хувь байдаг. Тэгэхээр орон сууц зээлээр худалдаж авчихаад төлбөрийг нь 20 жил төлнө гэдэг хэцүү. Орон сууцжуулах хөтөлбөрийг цааш үргэлжлүүлж болно. Гэхдээ олон улсын зах зээлийн зарчимд тулгуурлан хүүгээ тогтоох хэрэгтэй. Одоогийнх шиг жилийн зургаан хувийн хүүтэй бол гадаадын зах зээлээс ч манайд мөнгө орж ирэхгүй. Танай Засгийн газар дэлхийн зах зээл болон өөрт байхгүй боломжоороо хүү амладаг. Тиймээс ийм Засгийн газарт мөнгө өгөхгүй гээд гадаадынхан суучихна шүү дээ. Харин асуудалтай болчихоод байгаа эдгээр иргэнийг энэ байдлаас нь гаргах нь чухал байна. Үүний гарц нь орон сууцны урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан олгох, эсвэл урьдчилгаагаа өгсөн иргэдийн зээлийг санхүүжүүлж, дараа нь моргейжийн зах зээлд үндэслэсэн хүүгээр үргэлжлүүлэн явуулах нь зөв болов уу гэж бодож байна.

ЭНЭ АСУУДЛЫН БУРУУТАН НЬ ЗАСГИЙН ГАЗАР, УЛСТӨРЧИД

УИХ-ын гишүүн Батчимэг: Хохирсон иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал яах аргагүй анхаарлын төвд байгаа. Урьдчилгааг буцааж өгнө гэдэг нь тодорхой шийдэл болж чадахгүй болов уу. Яагаад гэвэл бид хэвлэлээс авсан мэдээллээр мөн хүмүүсийн өөрсдийн ярьж буйгаар тэд хашаа байшингаа зараад урьдчилгаанд өгсөн гэсэн. Гэтэл урьдчилгаанд өгсөн мөнгөө одоо буцаан авч, хашаа байшин авна гэдэг худлаа. Учир нь тэд байртай болох нь гээд яаран сандран хашаа байшингаа зарчихсан хүмүүс. Гэтэл одоо буцаагаад худалдан авахаар мөнгө нь хүрэхгүй. Мөн хүүг өөрчлөн тогтоох тал дээр одоогийн зургаан хувийн хүү гэдгийг Засгийн газар өөрөө тогтоосон. Үүнийг тооцоо судалгаатай л тогтоосон байх. Хоёрдугаарт, төсөвт багахан дарамт үзүүлж хямд эх үүсвэрээр хохирсон иргэдийн хохирлыг барагдуулна гэж байна. Тэдний хохирлыг барагдуулахаар албан ёсны арга хэмжээ хайж байна уу. Гуравдугаарт, энэ асуудлын буруутан нь Засгийн газар, улстөрчид. Ямар ч хариуцлагагүй, тооцоо судалгаагүй улстөржсөн шийдвэрийн үр дүнд энгийн иргэд хохирч байна. Түүний дараа тэдний хохирлыг улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулдаг. Үүний цаана улс төрийн том шоу явагддаг. Иргэдийн сэтгэхүйгээр тоглож, эд материал сэтгэл зүйгээр нь тоглосон тэдэнд ямар ч хариуцлага тооцдоггүй.

Иргэдээс ирсэн гомдлын дагуу холбогдох байгуулагуудад асуулга явуулсан. Үүнд бичгээр тайлбар ирүүлсэн байгаа. Энэ тайлбарт дурдагдсан зүйлийг товчхон танилцуулъя. 2012 оны төсөвт 200 тэрбум төгрөг, түүний хүү огт тусгагдаагүй. Эх үүсвэргүй мөнгө. Сонгуулийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 2-ны 55 дугаар тогтоол гэдгээр төсөвт суугаагүй атлаа ямар нэг байдлаар зургаан хувийн хүүтэйгээр ол гэсэн даалгавар өгсөн байдаг. Тэгээд зориулалтын бус эх үүсвэрээр буюу олон улсад зам барина, төмөр зам тавина, Сайншандын бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгөнөөс 50 тэрбумыг Хөгж­лийн банк гаргасан байдаг. 2012 оны тавдугаар сарын 16-нд гаргасан уг шийдвэрээр 1000 гаруй иргэнд баяр ёслолын шинжтэй зээл олгосон байдаг. Гэтэл дараагийн Засгийн газарт 20 тэрбумыг үргэлжлүүлэх мөн­гө байхгүй. БХБЯ-наас бидэнд ирүүлсэн мэдээллээр энэхүү хороо нэгдүгээр улиралд багтаан хохирсон иргэд, барилгын компаниудын асуудлыг шийд­вэрлэхээр энэ жилийн улсын төсвөөс яаж ийж байгаад 30 тэрбумыг гаргасан. Тэгэхээр цаашид энэ асуудлыг яаж шийдэх вэ. Нэгдүгээр улирал бараг дуусах гэж байна.

ЦААШДАА ХӨТӨЛБӨРӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖ БАЙНА

БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн: Өмнөх Засгийн газрыг муулахаас илүү энэ хөтөлбөрийн бодлого зах зээлийг үнэхээр гажуудуулахаар байсан. Арилжааны банкнаас зээл авах гэж байсан хүмүүс бүгд энэ хөтөлбөрт хамрагдахаар банкинд өгсөн зээлийн хүсэлтээ буцаан авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй. Тиймээс орлого багатай иргэд хамрагдаж чадаагүй. Ингээд төсвөөр дамжуулан зээл авсан хүмүүсийн байрны мөнгийг хүүгээр нь дамжуулан хүрэх ёстой байсан бүлэг нь өөрөө төлөхөөр болсон. Хоёрдугаарт, уг хөтөлбөр нь сонгуулийн шоуны шинжтэй байсан учраас нийлүүлэлт талаа дэмжээгүй. Тиймээс орон сууцны ам метрийн үнийг шууд өсгөсөн. Ингэснээр иргэд зургаан хувийн хүүтэй бус 10 гаруй хувийн хүүтэй зээлээр байр авч байгаа мэт болгосон. Тиймээс бид ний нуугүй ярилцаад арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Одоо үлдэгдэл 12.5 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр байгаа. Үүгээрээ 280 орчим иргэний асуудлыг шийдээд цаашдаа хөтөлбөрөө өөрчлөхөөс өөр аргагүй болж байна. БХБЯ, Монголбанктай хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрөөр хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэлт талаа дэмжээд барилгын материалын гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгах, орон сууц барьж байгаа компаниудад шаард­­лагатай компаниудад хөнгө­лөлттэй зээл олгож үнийг тодорхой хэмжээнд өсгөхгүй байх арга хэмжээ авч байгаа. Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд моргейжийн зээлийг дэмжсэн эх үүсвэр гаргаж байгаа. Энэ хүрээнд журам гаргах гэж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцэх байх. Бид баригдсан барилгатай компанид зээл олгосноор иргэдээс барьцаа хөрөнгө шаардах асуудлыг болиулах юм. Мөн үүнийг ганц банкаар бус арилжааны хэд хэдэн банкаар олгоно.

Ч.БАТМАА, М.УЯНГА
Эх сурвалж: "Өдрийн шуудан"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж