Дулааны цахилгаан станцын ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Дулааны цахилгаан станцын ажилтай танилцав

Засгийн газрын ээлжит 30 дугаар хуралдаан өчигдөр /2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж барих дулааны цахилгаан станцын ажлын явцын тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээг “Концессийн тухай хууль”-д нийцүүлэн шинэчилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь төсвийн ачааллыг хөнгөвчилж, хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр ажиллана гэсэн үг юм. Цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих газрын зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг судлаж, зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нарт даалгалаа.
Мөн станцын хөрөнгө оруулалтын хэмжээ, хүчин чадал зэрэг асуудлыг нарийвчлан судлаж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна. Завхан, Говь-Алтай аймаг төвлөрсөн эрчим хүчний систем, байнгын эх үүсвэргүй, төвийн эрчим хүчний системээс тусдаа, бие даан ажилладаг дизель цахилгаан станцтай. Дээрх хоёр аймгийн төвд өдөрт 6-8 цаг, сумын төвүүдэд 19-20 цагийн хязгаарлалттайгаар хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж