Лениний музейн үзмэрийг МАН-аас нэхэх үү

Хуучирсан мэдээ: 2013.03.20-нд нийтлэгдсэн

Лениний музейн үзмэрийг МАН-аас нэхэх үү

Шинэчлэлийн Засгийн газрын үед Лениний музейн барилга “амилж”, улмаар Үндсэн хуулийн цэцэд хүрч “томров”. 

Социализмын хаалгыг хааж, ардчилалтай зах зээлд нийтээрээ хөл тавьснаас хойш нэр ус нь солигдож “Чандмань” гэсэн чамин дуудлагатай болоод 20 гаруй оныг үдсэн энэ барилга гэнэт олны анхааралд өртөж од болсон нь учиртай. Хэдэн парламент солигдож, хэчнээн Засгийн газар дамжихдаа манайд музейн зориулалтаар баригдсан цорын ганц барилга байдгийг хэн ч санаагүй. Гэв гэнэтхэн санаж, эзэн холбогдогчийнх нь эрэлд гарсан нь музейд анхаарал хандуулж, соёлын өвийн хадгалалт хамгаалалтад онцгой сэтгэл гаргахаар шийдсэн гэхээсээ олон жил ноёлсон МАН гэж феодалын өмчийг хурааж, хүчийг нь сулруулахын тулд л хийж буй ажил гэж харагдаад байгаа юм.  Яагаад гэвэл барилга байшингийн тухай л яриад буй болохоос музей байхад нь дотор нь залагдаж олны нүд хужирлаж асан олон олон үзмэрийн тухай ган хийж ганц үг унагахгүй байгаа.

Түүх сөхье.  Энэ барилгыг  анх МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны дөрөвдүгээр сарын 30-ны 103, Сайд нарын Зөвлөлийн 264 дүгээр тогтоолоор  Улаанбаатарт пролетарйин их удирдагч В.И.Ленинд зориулсан музейн барилга  бариулах шийдвэр гарч, зураг төслийг нь урлуулж, дараа оных нь арваннэгдүгээр сарын 5-нд барилгын суурь тавих ёслол үйлджээ.  Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар улсын төсвөөс мөнгийг нь гаргаж музейн барилгыг босгосон гэдэг.  Владимир Ильичид манайхан энэ барилга баригдахаас  өмнө музей байгуулаад өгчихсөн байсан гэдэг. 1967 онд Сайд нарын Зөвлөл тогтоол гарган Октябрийн хувьсгалын 50 жилийн ойг тохиолдуулан Лениний музейг ашиглалтад оруулахыг ШУА-ийн ерөнхийлөгч  Б.Ширэндэвт даалгаснаар Улсын төв музейн барилгад өргөтгөл хийж тухайн үеийн ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх  Лениний музейн үзмэрүүдээс хуулбарлан авчирч байжээ.  Дараа нь Хувьсгалын музейн барилга баригдсан тул Лениний музейн сан хөмрөг болон ЗХУ-ын Төв музейгээс ирүүлсэн үзмэрээр баяжуулж өргөтгөн 10 танхимыг Владимир Ильичид зориулав. Улмаар эдгээр танхимд “Разливт”, “Аврорын анхны уриа” зэрэг панорамм  болон гэрлэн чимэглэлд өөрчлөлт хийжээ. Энэ үед Оросоос ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж байсан. Ингэснээр танхимдаа  2237 үзмэрээ дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй болсон байжээ. Анх музейн үзмэрийн сэдэвчилсэн төлөвлөгөөг Нийгмийн ухааны институт, ЗХУ-ын Коммунист намын дэргэдэх Марксизм-Ленинизмын институт болон Москва дахь Лениний төв музейн ажилтнууд хамтран боловсруулсан гэнэ. Зохион байгуулалт, уран сайхны чимэглэлийн төслийг Оросын зураач В.И.Коротко, В.Л.Ривин нарын удирдлагаар хуучнаар Ленинградын Зураг чимэглэлийн комбинатад зохиосон байна. Харин музейн барилгын зураг төслийг Улсын барилгын зургийн төв институтийн хамт олон төрийн шагналт, архитектор Г.Лувсандоржийн удирдлагаар Монгол үндэсний уран барилгын уламжлалыг харгалзан зохиожээ. Азид байхгүй музейтэй боллоо  гэж гайхуулж байсан уг барилгыг барихад 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сарын 9-нд ашиглалтад оруулж Намын түүхийн институтийн мэдэлд өгсөн байна. 1993 онд Намын түүхийн институтийг татан буулгасны дараа тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН өнөөдрийг хүртэл эзэмшиж иржээ.

Музейн барилгыг зориулалтаар нь ашиглах тухай 1990-ээд оноос  хөндөж байв. Анх  Б.Шаравын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирлаар ажиллаж байсан урлаг судлаач Дашбалдан агсан Лениний музейн барилгыг Дүрслэх урлагийн музей болгох санал дэвшүүлж байсан  ч амжилт олоогүй. Музей биш бизнесийн зорилгоор дийлэнх хэсэг нь ашиглагдаж, “Окта” худалдааны төв, зоогийн газар гээд  олон үйлчилгээний газрууд  мөн нийслэлийн  МАН-ын  хороо байрлаж байлаа.

Лениний музейн барилга нь нийтдээ 7750 ам метр талбай бүхий үзмэр үзүүллэгийн танхимуудаас гадна түр үзэсгэлэнгийн болон, кино лекцийн танхим, номын сан зэрэг үйлчилгээний олон өрөөтэй байсан. Сан хөмрөгийн зориулалтын өрөө, олон төрлийн тоног төхөөрөмж ч байжээ. Энэ бүгдийг ч мөн эрж хайж олох хэрэгтэй байх. Аливаа зүйл удах тусам үнэд ордог. ССАЖЯ-ныхан хэд хоногийн өмнө музейн барилгыг хүлээж авахаар очоод цоожтой хаалга мөргөөд буцсан гэнэ.

Тиймээс музейн  4963 үзмэр хаана байгаа вэ гэдэгт тэд лав хариулж дийлэхгүй нь ойлгомжтой.  Хаа нэг газрын агуулах саванд бүрэн бүтнээрээ байгаа гэдэгт хэн ч итгэхгүй. Уг нь манайд соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах заавар журам, хууль дүрэм бий. Гэвч Лениний музейд байсан үзмэрийн бүртгэл хаана, хэнд байгааг мэдэх хүн алга. Үзмэр хэний гарт байгааг мэдэж магадгүй хүнээр нэг хэсэг Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байсан Т.Бадамжунайг нэрлэж байна билээ. Тэгэхээр нэг сураг гарч магадгүй ч юм шиг. Байшин барилгаас илүү олон арван уран бүтээлчийн ур ухаан, хөдөлмөр шингэсэн том хэмжээний зээгт наамал, олон арван баримал, сийлбэр гээд үнэтэй бүтээлүүд хайран байгаа юм. Мөн олон тооны ховор нандин гэрэл зургууд, бэлэг дурсгалын эд зүйлс  байх ёстой аж. Дээх нь үед зарим үзмэр нь дарга нарын өрөөгөөр үзэгдсэн сураг ч байдаг гэнэ. Ямартаа ч музейн үзмэр тэр байшинд байхгүй гэж  яригддаг. Тэгэхээр музейд байсан үзмэрүүдийг хаанаас хайж, хэнээс нэхэх вэ. МАН-ын үе үеийн дарга нараас уу.

Н.ЛХАГВАСҮРЭН

Эх сурвалж: "Өдрийн шуудан"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж