Махны яармаг худалдаатай болно

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Махны яармаг худалдаатай болно

Засгийн газрын ээлжит 30 дугаар хуралдаан өчигдөр /2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

  • Тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт
  • Сангийн яамнаас санаачлан боловсруулж байгаа “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо боловсруулсан тураг, шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүний НӨАТ-ыг чөлөөлөх асуудлыг нэмж тусгах
  • Импортын гурил, улаанбуудай, тахиа, гахай, загасны махны импортын тарифыг дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зориулалт, улирлын нөөцтэй уялдуулан ялгавартай, уян хатан зохицуулах асуудлыг иж бүрэн судалж, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт боловсруулан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт

Худалдааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, 2010 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгалаа.      

Махны хангамж нийлүүлэлтийг сайжруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг шууд холбох, үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод махны яармаг худалдааг хаврын улиралд сард 2 удаа, бусад улиралд сард 1 удаа зохион байгуулах, эрэлт нийлүүлэлтэд хяналт судалгаа хийж байхыг Засгийн газар зорьж байна. Хүнсний хангамжтай холбоотой асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж