Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Дорнын гүнж LIU WEN

Төрсөн өдөр: 1988.01.27
Биеийн жин: 50 кг
Биеийн өндөр: 179 см
Нүдний өнгө: Хар
Үсний өнгө: Хар
-“Victoria’s Secret”-ийн анхны Ази модель
-Өнгөрсөн сард “Estee Lauder”-тай гэрээ байгуулж, мөн “Estee Lauder”-ын анхны Ази нүүр царай болсон.

Түүний “W” сэтгүүлд өгсөн бичил ярилцлагаас хүргэе.  

-Liu Wen, та хаана төрж өссөн бэ?
-Хятадын Хунань мужийн Юнжоу гэдэг нам тайван, жижиг хотод төрж, өссөн.

-Одоо хаана амьдардаг вэ?
-Бээжин, Нью-Йорк. Энэ хоёр хотын хооронд л байнга ирж очдог.

-Анх таныг яаж “нээсэн” түүхээсээ ярьж өгөөч.
-2006 оны наймдугаар сард Хятад дахь Marie Claire сэтгүүлийн редакц дээр кретив захирал Joseph Carle-тай анх уулзаж байлаа. Тэр хүн намайг анх загварын ертөнц рүү оруулсан.

-Анх загвар өмсөгч болоход гэр бүлийнхэн болон ойр дотныхон чинь ямархуу хүлээж авч байсан бэ?

-Тэдний тусламж, дэмжлэггүйгээр байсан бол би энэ загварын ертөнцөөс аль эрт шантраад гарах байсан байх л гэж боддог. Тэд нар маань намайг өдий зэрэгт хүрэхэд тусалсан.

-Хэрвээ модель болоогүй бол өөр ямар мэргэжлийг сонгох байсан бол?
-Миний мэргэжил аялал жуулчлалтай холбоотой. Би жуулчны хөтөч болох байсан болов уу гэж боддог.

-Хамгийн өмсөх дуртай хувцас чинь юу вэ?
-Нэгдүгээрт жийнсэн өмд. Дараа нь бүх төрлийн цүнх, малгай.

-Ямар зүйлгүйгээр аялалд гарч чадахгүй вэ?
-Нүүрний маск, нүдний дусаалга хоёроо хэзээ ч мартдаггүй.

-Моделийн ажлаар олон улс орон руу явдаг. Гэхдээ одоо хүртэл аялахыг хүсдэг ямар газар байдаг вэ?
-Парис. Тэнд хэдийгээр олон удаа очиж байсан боловч одоо ч гэсэн дахин очмоор л санагдаад байдаг. Загварын ажлаар тэнд очихоор хотоор зугаалж, гарах ямар ч зав зай олддоггүй нь харамсалтай санагддаг. Тийм болохоор ажлаар биш, хувиараа би Парист аялмаар байна. Тэнд очоод энд тэндгүй дураараа алхаад л, кофены газарт орж тайван гэгч нь суугаад эспрессо уувал хичнээн сайхан бол.

-Загвар өмсөгч болсны дараа төсөөлж байснаас чинь огт өөр санагдаж байсан зүйл байгаа юу?
-Тиймээ, ер нь бол миний төсөөлж байснаас энэ мэргэжил тэс өөр юм. Өмнө нь би мэргэжлийн модель байх нь зүгээр л хувцас өмсөөд тайзан дээр хэдэн метр алхаад л болоо гэж боддог байсан л даа. Харин одоо миний бодол дэндүү “хялбар” байсныг мэддэг болсон. Энэ мэргэжил биднээс маш их хүч шаарддаг. Ялангуяа, бие физиологийн хувьд маш их энерги зарцуулдаг.

-Та одоо англи хэл сурч байна. Өөр хэл сурахын хамгийн хэцүү нь юу байна?

-Би тийм яриасаг хүн биш л дээ. Ерөнхийдөө дуугүй талдаа хүн. Ийм хүнд хэл сурна гэдэг тийм ч амар биш. Гадаад хэлийг сурахын тулд аль болох ярих л хэрэгтэй. Зөв ч бай, буруу ч бай, акценттай ч бай хамаагүй зөвхөн ярих л хэрэгтэй гэдгийг мэддэг болсон.

Ж.Нил

Гэрэл зургийн энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж