Түүхийн эдийн дуудлага худалдааг “онлайн”-аар явуулна гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Түүхийн эдийн дуудлага худалдааг “онлайн”-аар явуулна гэв


Xудалдааг Түүхийн эдийн биржийн тухай хуулийг Засгийн газарт буцаав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын танилцуулгыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал байнгын хорооны гишүүдэд хийлээ.

Хөдөө аж ахуйн биржийг байгуулснаар хөдөө орон нутагт үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдийг нэгдсэн журмаар худалдаанд нийлүүлэх боломжоор хангах, биржийн зуучлагч брокер нь өөрийн хөрөнгөөр хөдөө орон нутагт байгаа түүхий эдийг худалдан авч стандарт шаардлагад нийцүүлэн анхан шатны тордлогоог хийсний дараа бирж дээр худалдах үйл ажиллагааг гүйцэтгэхээр хуулийн төсөлд зааж өгчээ. Мөн хөдөө орон нутагт малчдаас бөөгнүүлэн татсан малын гаралтай түүхий эдийг тухайн аймаг, сумдад нь төвлөрүүлэх зорилгоор  орон нутгийн агуулах байрны судалгаа хийсэн байна. Судалгаанд “Иргэн Т нь 40 тонн-ын контейнертэй,  Архангай аймагт байгаа нийт агуулахын хэмжээ нь 2100 м.кв, тоо ширхэг 7” гэх зэргээр танилцуулжээ. Биржийн тухай хууль батлагдснаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүхий эдийг бэлгэж тээвэрлэх, хадгалах стандартууд хэрэгжиж, үйлдвэрлэгчдийг түүхий эдээр тасралтгүй хангах урьдчилсан нөхцлүүд бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм. Түүхий эдийн бирж нь Монголын хөрөнгийн биржийг түшиглэн үйл ажиллагаа явуулах бөгөөд түүхий эдийг дуудлага худалдааг  интернэтээр зохион байгуулах боломжтой гэнэ. Гэвч Ж.Энхбаяр Х.Наранхүү, П.Алтангэрэл, Р.Буд зэрэг гишүүд уг хуулийн төслийг “Монгол мал” хөтөлбөртэй харшилдсан ажил болж байгаа юм биш үү, ХХААХҮЯ бараан захын ажил хийгээд байна уу гэсэн шүүмжийг хэлж байсан. Ж.Энхбаяр гишүүн биржийг аймаг бүрт байгуулах уу, эсвэл нийслэлд байгуулах уу гэдгийг хуулийн төсөлд тусгаагүй, тодорхой биш байна гэсэн ч дуудлага худалдааг цахим хэлбэрээр хийдэг болох нь зүйтэй гэсэн санал ыг хэлсэн. Гэвч байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг “Монгол мал” хөтөлбөрийн концепцитой уялдуулан дахин боловсруулуулахаар Засгийн газарт буцаалаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд С.Баярцогт танилцуулж. төслийн илтгэлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлцгээв. Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан:

-Монгол Улсын төсөв сүүлийн 20 гаруй жил нэгдсэн бодлогогүй салан задгай явж илээ. Дэлхийн томоохон улсууд эдийн засгийн хямралаас гарч байгаа боловч, ихэнх оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэвээр байгаа. Гэтэл Монгол Улс ийм байдалтай байж болохгүй. Хуулийн төсөлд төсвийн алдагдал хоёроос доошгүй хувьтай байна гэсэн нь анхаарал татаж байна.  Ер нь яагаад заавал алдагдалтай төсөв байх ёстой гэж. Байнгын хорооны хуралд зөвхөн зэсийн үнийг л яриад байдаг. Яагаад алт, жонш гээд бусад ашигт малтмалын талаар, эдгээрийн үнийн өсөлтөөс гарч байгаа зөрүүг яагаад ярихгүй байна. Тендерийн тухай хуулийг хэзээ өөрчлөх вэ зэрэг асуултыг сайдад тавьсан. Сангийн сайд С.Баярцогт:

-Монгол Улсын төсөв зэсийн үнээс ихээхэн хамааралтай байгаа, ашигт малтмалын үнийн өсөлтөөс гарч байгаа зөрүүг тогтворжуулалтын санд хийдэг, энэ санд хамгийн багадаа л 350 тэрбум орчим төгрөг төвлөрөх ёстой. Мэдээж төсөв алдагдалгүй байх ёстой бидний зорилт. Гэвч бодит байдал, эдийн засгийн хэлбэлзлээс шалтгаалаад хоёр орчим хувийн алдагдал яригдаж байгаа. Ер нь төсвийн тусгай шаардлага бүхий дөрвөн үзүүлэлт нь эргээд бодит эдийн засагт нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа. Одоогийн байдлаар ажлын хэсгүүдэд ярилцаад шийд гаргах нь зөв гэж үзэж байна гэлээ.

Гишүүд Сангийн сайдаас асуулт асууж хариултаа авсны эцэст дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураалгахад байнгын хорооны хуралд оролцсон 11 гишүүний 10 нь дэмжлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж