“Урт оймст Пиппи” Монголд анх удаа хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

“Урт оймст Пиппи” Монголд анх удаа хэвлэгдлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакц уншигч хүүхдүүддээ зориулан шинэ номын бэлэг барьж байна. Дэлхийд хүүхдийн зохиолч гэдгээрээ нэр алдар нь түгсэн Шведийн зохиолч Астрид Линдгрений “Урт оймст Пиппи” нь Ази болон Европын ихэнх оронд нээлтээ хийсэн бөгөөд Монголын уншигчдад анх удаагаа хүрч байгаа юм. Энэ дэлхийн хамгийн хүчтэй охин бас хэнээс ч, юунаас ч айдаггүй, гэртээ шалан дээрээ боовны гурилаа элддэг, морио нэг гараараа л өргөчихдөг гээд Пиппид бусад хүүхдүүдээс ялгарах онцлог маш их.
Магадгүй эцэг эхчүүд хүүхэддээ ямар ном сонгож уншуулахаа мэдэхгүй байгаа бол “Урт оймст Пиппи”-г сонгоод үзээрэй. Сахилгагүй хэрнээ адал явдлын ертөнцөөр үргэлж аялуулах Пиппи охины өдөр тутмын амьдрал таны хүүхдэд шинэ ертөнцийг нээн харуулах болно. Энэ сарын 29-ны өдөр Интерномын их дэлгүүр дээр болох Урт оймст Пиппи номын нээлтэнд илбэ шидийн  гайхамшгийг харуулах илбэчин, алиалагч ирж хүрэлцэн ирсэн хүүхэд бүрийг баярлуулна. Мөн Пиппи өөр дээр нь ирсэн хүүхэд бүртэй хамт дурсгалын зургаа авахуулах бөгөөд гарын бэлэг гардуулах юм. Тэгэхээр эцэг эхчүүд та нар хайртай бяцхан хүүхдүүдээ дагуулан хамгийн дурсгалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлээрэй. Дашрамд дурьдахад энэ өдөр “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан хүүхдийн номнууд 10 хувийн хямдралтай зарагдана.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж