Мөрдөгчийн албаны тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Мөрдөгчийн албаны тухай хуулиар хэлэлцүүлэг хийв

Шинэчлэлийн Засгийн газар эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн бодлогын хүрээнд хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр Мөрдөгчийн албаны тухай, Маршалын албаны тухай зэрэг хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийлээ. Хууль зүйн яамнаас зохион байгуулж байгаа уг хэлэлцүүлгийг салбарын сайд Х.Тэмүүжин нээж, ХЗЯ-ны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Э.Энхтуяа, Д.Ариунтуяа, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбаатар, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингис,  Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа Ц.Цэрэндорж болон их сургуулийн салбар сургуулийн захирлууд,  эрдэмтэн багш, судлаач, алба хаагчид хуулийн төслийн талаарх үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлж хэлэлцсэн юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах байгууллагуудыг Цагдаагийн алба, Мөрдөх алба, Маршалын алба гэж гурав хуваана. Мөрдөх алба нь улс дамнасан эдийн засаг, албан тушаал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх бол Цагдаагийн алба нь иргэдийн гомдлыг барагдуулах үүрэгтэй. Харин Маршалын алба нь шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, шүүгдэгч ялтныг хуяглан хүргэж, оргон зайлсан шүүгдэгч ялтныг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх юм байна. Ингэж эрх зүйн хүрээнд шинэчилснээр хүнд суртал, гэмт хэргийн илрүүлэлт, үйл ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэж Хууль зүйн сайд үзэж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж