“Цэргийн баяр”-ын буюу өчигдөр залуус хэсэг бүлгээрээ архидан согтуурч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг нилээд гарсан байна. Замын цагдаагийн газрын мэдээллээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 90 жолоочийг журамласан бөгөөд 168 ослын дуудлага бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 26 хүн хүнд болон хөнгөн гэмтэж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг боллоо. Гэмтэл авсан хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхэд байсан байна. БЗД-ийн нутаг 21-р хороо Дарь-Эхийн шинэ буудлын замд Nissan Laurel маркийн 5016 ДГА автомашины жолооч Б нь 40-50 орчим насны явган зорчигч эмэгтэйг дайрч амь насыг нь хохироож мөн БГД-ийн 9-р хороонд оршин суух, 54 настай иргэн Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан. Мөн СХД-22 Найрамдлын зам-Бор толгойн хойд замд амины Toyota Prius маркийн 0292 УБД улсын дугаартай автомашин онхолдож, 20 настай жолооч У нас барж гурван хүн гэмтсэн байна.
Баяр ёслолын өдрүүд ойрхон болсноос гадна, урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч байна. Өнгөрсөн баасан гарагт 147 жолооч, бямба гарагт 89 жолооч, ням гарагт 90 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь илэрсэн байна.
Өчигдөр 90 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон журамлагдсан байна. Замын цагдаагийн газраас нийт иргэддээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хэрэв зам тээврийн осол гаргасан бол хэргийн газрыг орхин явахгүй байх гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэх зэрэг өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюул учруулахгүй байхыг анхаарууллаа.
М.НАРАН