
Энэхүү сонсголд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Орон сууцны санхүүжилтийн корпораци, Хөгжлийн банк, Төрийн банк, нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл оролцсон юм. Ирсэн өргөдлийн талаар танилцуулга хийсний дараa өргөдлийг нягтлан нэгтгэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд албаныхнаас асуултад хариулт авлаа.
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хөтөлбөр нь судалгаа, тооцоо багатай хөтөлбөр байсан гэлээ. Тодруулбал, 100 мянган иргэнд зургаан хувийн хүүтэй зээл олговол нэг жилд 450-700 тэрбум төгрөгийн зардал гарна. Нийт хөтөлбөрийн хүрээнд 9-10 их наяд төгрөгийг зарцуулах тооцоо гарч байгаа юм. Өмнөх Засгийн газар яаж тооцоолсныг мэдэхгүй байгаа бөгөөд одоогийн хэрэгцээ нь ийм байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Өргөдлийн байнгын хорооны гишүүд иргэдээс ирсэн асуултын дагуу албаныхнаас тодруулга хийж, ирэх дөрөвдүгээр сард байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэхээр болсон юм. Мөн Засгийн газарт энэ ажлыг яаралтай шийдвэрлэх, харьяа байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллахыг танилцуулах зэрэг асуудлыг танилцуулахаар болсон юм. Харин зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийн хохирогчдод зориулж 12.5 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий ажээ. Үүгээр 280 орчим иргэний асуудлыг шийдэхээр БХБЯ, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан байна. Хөнгөлөлттэй зээлээр нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын үйлдвэр, гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгах асуудлыг Засгийн газар ярьж байгаа аж. Тиймээс барилгын метр кв-ийг өсгөхгүй байх арга хэмжээ авч, Монголбанктай хамтарсан хөтөлбөрт моргейжийг дэмжих эх үүсвэр гаргаж өгснөөр тодорхой журам батлагдахаар Засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм байна.