Монголбанк өнөөдөр /гуравдугаар сарын 19/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1402.04-1404.10 төгрөгийн ханшаар ам.доллар, 225.42-226.06 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Төв банк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 102 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.
У.БОЛОР