Д.Зоригт: Иргэдийнхээ эрх ашгийг дээгүүр тавих ёстой

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Иргэдийнхээ эрх ашгийг дээгүүр тавих ёстой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тухай хэлэлцлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Сайд Д.Зоригт хэлэхдээ, “Хуралдаанаар Тавантолгойн ордын талаар дахин хэлэлцлээ. 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн дөчдүгээр тогтоолоор УИХ-аас Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн удирдамж, зарчмыг баталсан. Үүнээс хойш нэлээд ажил хийлээ. 2010 оны гуравдугаар сард энэ талаар яриа хэлэлцээр хийж байгаа ажлын хэсгээ шинэчилсэн. Ажлын хэсэгт Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, хот байгуулалтын яамны хүмүүсийг оруулж нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болгосон. Яриа хэлэлцээг нэлээд түлхүү хийж, үндсэндээ холбогдох баримт бичгүүдийг УИХ-д өргөн барихаар болж байна. Өргөн барих баримт бичгүүд нь Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг юм. УИХ-д танилцуулах баримт бичиг дотор Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл орсон.  Ингэснээр өмнөх 40 дүгээр тогтоолоо баяжуулж байна. Яриа хэлэлцээний явцад нэлээд асуудал ойлгомжтой, тодорхой болж байгаа тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж байгаа.

Эцсийн бүлэгт нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг нийт хөрөнгө оруулагчдын дунд явуулна. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг УИХ-д танилцуулсны үндсэн дээр сонин хэвлэлээр ил тод зарлаж байж сонгон шалгаруулалтаа явуулна. Эдгээр баримт бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр тавдугаар сарын 18-нд хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн. Баримт бичгүүдийг боловсруулахдаа Монгол Улсын төр, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхол, нийт улс орны үндэсний ашиг сонирхлыг тусгасан. УИХ-д өргөн барьсны дараа Засгийн газар байр сууриа олон нийтэд маш тодорхой мэдээлнэ. Мөн Өмнөд говийн хөгжлийн хөтөлбөр гэсэн баримт бичиг хэлэлцээд дуусч байна. Хөтөлбөрийг хавсаргасан. Хөтөлбөрт зам тээвэр, эрчим хүч, хот байгуулалт, байгаль орчин, боловсрол гэсэн өргөн хүрээтэй асуудал багтаасан. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн. Өмнийн говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичгийг хамт өргөн барьж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт гаргах яриа хэлэлцээ хийж байна. Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн уурхай, станцын цогцолбор барих яриа хэлэлцээ яваад таван жил болж байна. Ерөнхий хэлэлцээр байгуулах талаар Засгийн газраар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах шийдвэрийг сая гаргалаа” гэлээ. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тавантолгойн гэрээг ямар зарчмаар байгуулах вэ?

-Монгол Улсын төр өөрөө стратегийн ач холбогдолтой энэ орд газраа мэдэлдээ авч үлдэх ёстой гэсэн том зарчмыг урд өмнө ч барьж байсан, энэ зарчмынхаа ч дагуу баримт бичгээ боловсруулаад оруулж байна. Орд ашиглахдаа улс орон, иргэдийнхээ эрх ашгийг хамгийн дээр тавих ёстой. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, томоохон аж ахуйн нэгжүүдийг бий болгох нь зайлшгүй томоохон зорилт юм. Аль нэг талд давуу эрх өгөлгүйгээр хөрөнгө оруулагчдыг ижил тэгш нөхцөлөөр сонгон шалгаруулна.

-Ашигт малтмалын тухай хуульд ямар нэмэлт оруулж байгаа вэ?

-Энэ хуульд маш товч нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хуулийн 29 дүгээр заалтын дагуу лиценз эзэмшигчидтэй хэлэлцээр байгуулахаар байгаа. Өөрөөр хэлбэл, энэ лицензийг Эрдэнэс МГЛ төрийн бус компани байгуулна. Гэтэл хөрөнгө оруулагч, ордыг хамтран ашиглах  компанитай тэр олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах заалт байхгүй. Мөн лиценз эзэмшигчтэй гуравдагч этгээд энэ орд газрыг хамтран эзэмших сонирхолтой байвал, хэрэв хоёр талаас хүсэлт гаргавал гурвалсан гэрээ байгуулж болно гэсэн заалтыг Ашигт малтмалын тухай хуульд нэмж байгаа юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж