Хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Бодлын хулгайч”, Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө”, С.Жаргалсайханы “Гоо сайхны мэс засал” зэрэг тайз, дэлгэцийн олон чанартай уран бүтээлүүдийн эзэн Ж.Сэнгэдорж найруулагчийн 2012 оны шилдэг бүтээл “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг “Гэгээн муза” наадмын зургаан номинацид өрсөлдөж байгаа нь түүний чадварыг баталсан явдал биз ээ. Шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг тайзны зураач зэрэг хамгийн гол зургаан төрөлд хүч үзэж байгаа “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг “Гэгээн муза” наадмын хүрээнд ирэх баасан гаригт (03.22) 19.00 цагаас УДЭТ-ын тайзнаа ердөө ганцхан удаа тоглогдох юм билээ.
Дашрамд сонирхуулахад “Гэгээн муза 2012” наадмын шалгаруулалт энэ сарын 27-нд болох бөгөөд төвийн болон орон нутгийн театруудын өнгөрсөн онд бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон шилдэг 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлчид драмын жүжиг, инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн дөрвөн үндсэн төрөлд нэр дэвшин, өрсөлдөж буй.
Г.ДАША