&#34Бүтээн байгуулалтын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

&#34Бүтээн байгуулалтын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлж байна&#34

С.ОДОНТУЯА: ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСВИЙГ ИРГЭДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА

УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, өнгөрөгч чуулганаар хэлэлцэж, баталсан хуулиудын талаар мэдээлэл өгөхийн сацуу ирэх жилүүдийн төсвөө иргэдтэйгээ хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар Баянгол дүүргийн иргэдийн хурлын дарга Д.Дэлгэрбат болон 12-р хорооны хорооны Засаг дарга н.Ганхуяг нарын хамт тус хорооны иргэдтэй хэлэлцүүлэг хийж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Баянгол дүүрэг нийт хэдэн хороотой вэ, өнөөдрийн байдлаар хичнээн хорооны иргэдтэй уулзалт хийгээд байна вэ?

– Баянгол дүүрэг маань нийт 23 хороотой. Өнөөдөр 10-15 дугаар хорооны иргэдтэй уулзахаар ажиллаж байна. Нэг хорооны уулзалтад дунджаар 200 орчим иргэдоролцож байна гэж тооцоход, чуулганы завсарлагаанаар 5000 орчим иргэдтэй уулзаж ярилцсан юм байна.

– Уулзалтын үеэр орон нутаг дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Цаашид төсөв батлахад иргэдийн санал шийдвэрлэх үүрэгтэй гэж ойлгож болох уу?

Урьд нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг голдуу нэг жилээр баталдаг,  тэр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэхээр иргэд нь мэдээлэлгүй, зарим үед зөвшөөрөхгүй, хүндрэл үүсдэг байлаа.“Шаардлагагүй зүйлд хөрөнгө орууллаа, ийм зүйл илүү их хэрэгтэй байсан юм” гэх мэт гомдлууд байнга гардаг байсан. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө дөрвөн жилээр гаргаад, үүнийгээ иргэдээрээ хэлэлцүүлье, тухайн хороон дээр ийм зүйл зайлшгүй шаардлагатай юу, аль нь чухал вэ гэдгийг иргэдээсээ санал авч эрэмбэлэн, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр нийслэл, дүүргийн  Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамт тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох аяныг өнгөрсөн долоо хоногоос өрнүүллээ.

Баянгол дүүргийн хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 262 ажлын жагсаалт гаргаад байгаа. Энэ жагсаалтаа иргэддээ хянуулж, чухал, чухал бусаар нь эрэмбэлүүллээ. Мөн иргэд өөрсдийн шаардлагагүй нэлээн сүүлээр гэж үзсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрэмбэлж байлаа.

Цаасан дээр бичсэн бүх ажлыг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн бололцоо хязгаарлагдмал тул иргэдээс хамгийн олон санал авсан төслүүдийг эхнээс нь Эдийн Засаг Хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам,  Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам, Барилга Хот Байгуулалтын яамд хоорондоо харилцан уялдаатай ажиллаж, хэрэгжүүлнэ.

– Иргэдийн зүгээс тавьж байгаа нийтлэг асуудал нь юу байна вэ?

– Орон сууцны хорооллуудад оршин суугчдын хамгийн ихээр хөндөж байгаа асуудал нь Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа байна. Тухайлбал, жилээс жилд нэмэгдсээр байгаа угсармал байрны дулааны алдагдал, лифтийн хэвийн ажиллагаа, дээврийн засвар гэх мэт.

– Оршин суугчид сар бүр СӨХ-нд төлдөг мөнгөндөө хангалттай үйлчилгээ авч чаддаггүй хэмээн гомдоллодог. СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулах хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх үү?

Тийм ээ, СӨХ-ны асуудал олон жил яригдаж байгаа. Эрх зүйн орчин нь ч ойлгомжгүй, бусад хууль тогтоомжтойгоо зөрчилддөг тал бий. Тиймээс Д.Арвин гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан, СӨХ-ны тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Ажлын хэсэгт С.Эрдэнэ гишүүн бид хоёр бас орсон. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Гэхдээ батлахаас нь өмнө хуулийн төслийг иргэдтэйгээ ярилцаж, хэлэлцүүлэг хийх хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлт хийгээд байна. Дараа 7 хоногт СӨХ-ны дарга нартай уулзалт, хэлэлцүүлэг хийхээр боллоо.

– Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын угсармал байрууд жилээс жилд дулаан алдалт, цанталт  нэмэгдэж байгаа. Түрүүнд 12-р хорооны засаг дарга н.Ганхуяг “Хоёроос гурван орцтой нэг байрны дулаалгын асуудлыг шийдэхэд 700-900 сая төгрөг шаардлагатай байна” гэж байсан. Энэ хөрөнгийг улс, нийслэлийн төсвөөс шийдвэрлэх боломжтой юу?

Уг нь бүх байр хувьд шилжсэн. Гэхдээ эдгээр орон сууцанд нэг удаа улсын төсвөөр засвар хийж өгөх тухай Засгийн газрын тогтоол бий. Түүний дагуу нэлээдгүй байрны лифтний асуудлыг С.Эрдэнэ гишүүн өнгөрсөн хугацаанд шийдэрлэж өгсөн. Дулаалгын тухайд, нийслэл эсвэл дүүргийн хөрөнгөөр шийдвэрлэхээр бид ярьж байгаа. 

– Иргэд лифт, гараж гэх мэт асуудлыг бас нэлээд сөхөж байсан …

– Цахилгаан шатны тухайд хүмүүс өөр өөр саналтай байналээ. 24 цагийн ажиллагаатай болгомоор байна гэх нэгэн байхад үүнийг эсэргүүцэх хүмүүс ч бас байна. Шөнө оройн цагаар ажиллаж байгаад  гацвал яах вэ, лифт ажиллуулдаг хүний цалин хөлсийг хэрхэн шийдэх вэ гэх мэт асуудлуудыг араасаа дагуулж байгаа юм. Гараж нүүлгэх асуудлыг ч иргэд их тавьдаг. Үүнд нэг хүндрэл байдаг.  Олон хүний эрх ашгийг хөндөөд байгаа, нийтийн эзэмшлийн талбайд байгаа зөвшөөрөлгүй гаражуудыг чөлөөлөх захирамж гаргахад гаражийн эзэд үүнийг улстөржүүлж, янз бүрийн хөдөлгөөн зохион байгуулдаг. Тэгэхээр иймэрхүү зөрчилтэй, маргаантай асуудлуудыг шийдвэрлэхийн тулд иргэд маань хорооныхоо иргэний танхимд цуглаж, тухай тухайн асуудлаа олноороо хэлэлцэж шийдвэрлэж байх нь иргэний оролцооны чухал хэлбэр юм. Тиймээс бид иргэний танхимыг ихэд чухалчилж байгаа юм. Хуучин хувийн компани шууд иргэдтэй тохиролцсон гэх нэрийдлээр доороо гаражтай дээрээ тоглоомын талбайтай төслүүдийг хийнэ гэж иргэдээр гарын үсэг зуруулчихаад, нэг мэдэхэд олон давхар орон сууцны барилга барьчихсан тохиолдол цөөнгүй байдаг. Иймээс энэ жилдээ иргэн, ААН, дүүрэг гэсэн гурвалсан гэрээг байгуулж, дүүрэг хяналт тавьж ажиллах болсон.

– Иргэд өөрсдөдөө тулгамдсан эдгээр асуудлуудаас гадна та бүхний чуулганаар хэлэлцсэн хуулийн төслүүдээс алинд нь илүү ач холбогдол өгч байна вэ? Ер нь хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа болон хамгийн их дэмжлэг авч байгаа хуулиудыг нэрлээч гэвэл …?

– Энэ талаар иргэд маш сайн мэдээлэлтэй байна. Батлагдсан хуулиуд дээр шүүмжлэлтэй болон сайшаалтай зүйлийг хэлж байна. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийг нэлээд дэмжиж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн зүгээс өсвөр насны хүүхдүүд тамхины нөлөөнд автахаас сэргийлж чадна гэж үзэж байна. Гэхдээ иргэд маань хуулийн зарим зүйл заалтын талаар дутуу дулимаг мэдээлэлтэй байгаа нь ажиглагдлаа. Хуулинд сургууль, дотуур байрнаас 500 метр зайд тамхи зарж борлуулахыг хориглосон нь учиртай. Урьд нь хаа сайгүй тамхи зардаг байхад хүүхдүүд сургуулийнхаа хажуугийн түцнээс эсвэл орцныхоо доорх дэлгүүрээс хүссэн үедээ тамхи худалдаж аваад, татчихдаг байсан. Үүнийг хязгаарлах зорилготой юм. Түүнээс 500 м зайд тамхи татахыг хориглосон юм биш гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Ер нь тоглоомын талбай, орц, лифт гэх мэт тодорхой газруудад тамхи татахыг хориглосон байгаа. Нарийвчилсан, тодорхой мэдээллийг 1982 уруу залгаж, авч болно. Нэгэнт тамхидалтын эсрэг хууль, батлаад, үр дүн нь эхнээсээ харагдаж байгаа болохоор, одоо архидан согтуурахтай тэмцэх хуулиа шинэчлээч ээ гэсэн саналыг бараг бүх хорооны иргэд сануулж байлаа. Ялангуяа архи зардаг цэг дэндүү их байна гэж иргэд бухимдаж байна.

Э.ЭРХБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж