4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна

Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн  4817 суралцагч хичээлдээ ороод байгаа. Эдгээр суралцагчид эхний 2 сар танхимын сургалтанд  хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-нээс тус тусын гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд дээрээ очиж дадлагын хичээлээ эхлэх юм.

“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, орон нутагт 38 МСҮТ хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байгаа аж. Суралцагчид Засгийн газраас олгож байгаа 140 400 төгрөгийн тэтгэмжээ авч эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлогтой.

Хот, хөдөөгийн МСҮТ-ээс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчидтайгаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн МСҮТ-д 296 суралцагч, Увс аймгийн МСҮТ-д 291, Ховд аймгийн МСҮТ-д 258 суралцагч суралцаж байгаа бол нийслэл хотод ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллежид 196, Монгол-Солонгосын Политехник коллежид 166 суралцагч суралцаж байгаа дүн байна. Түүнчлэн Улаанбаатар хот, орон нутагт суралцаж байгаа хүний тоогоор харьцуулж үзэхэд хөдөөд 3523, нийслэлд 1261 суралцагч суралцаж байгаа ажээ. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж