Ирэх өвлийн бэлтгэлээ энэ хавраас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Ирэх өвлийн бэлтгэлээ энэ хавраас эхэллээ

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд “Утаагүй зуухны танилцуулах өдөрлөг” боллоо. Өдөрлөгийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны салбар хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан юм. Мянганы сорилын сан, “Өвлийн бэлтгэлийг зунд нь хийе ” гэсэн уриатайгаар  цэвэр агаар сангийн санхүүжилтээр хөнгөлөлттэй үнээр олгох бүрэн шаталттай, эрчим хүчинд хэмнэлттэй зуухыг танилцууллаа. Тавдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд зуух борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэн,  хороод дээрээ төвлөрүүлж захиалга  авч,  айл өрхүүдийг бүрэн шаталттай зуухаар хангахаар ажиллаж байгааг дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга С.Нямдорж иргэдэд дуулгасан. Баянзүрх дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар 25 мянга гаруй айл өрх энэхүү зуухыг аваад байгаа бөгөөд энэ оны судалгаагаар 12812 айл зуух авахаар бүртгүүлээд байгаа аж. Өдөрлөгийн үеэр “Хас”, “Дөл”, нам даралтын “Илч” зуухнуудыг танилцуулж галлагаа хийж дээр нь цай, чацаргананы шүүс буцалгаж иргэдийг дайлж байсан нь жиндүү өдрийн жихүүцлийг нь хөөж байлаа. Тус танилцуулгын үеэр дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах салбар хорооны гэрээт ажилтан Д.Наран-Очироос зарим нэг зүйлийг тодруулав.

-Өдөрлөгт хэдэн хороо оролцож байгаа вэ?

-Манай дүүргийн хэмжээнд энэ зуухны төсөлд 21 хороо хамрагдаж байна. Хороодыг тав, аравдугаар хороон дээр хоёр хувааж өдөрлөг зохион байгууллаа. Иргэд маш идэвхтэй оролцож байна. Бид “Өвлийн бэлтгэлийг зунд нь хийе” гэсэн уриатайгаар ирэх өвлийнхөө бэлтгэлийг эртнээс хангаж, үр дүнг нь ирэх өвөл дүгнэх зохилготой энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

-Төсөлд хамрагдаагүй хэдэн айл өрх байгаа талаар судалгаа байгаа юу?

-Одоогоор тийм нарийвсилсан судалгаа байхгүй. Харин зуух авахаар судалгаанд хамрагдсан 12812 айл өрх бүртгэлтэй байна. Цаашид энэ судалгаагаа үргэлжлүүлэн хийж айлуудаа бүрэн хамруулах зорилготой.

-Нэг өрх нэг л зуух авна гэж ярьж байсан. Гэтэл нэг хаяг дээр хэд хэдэн айл өрх амьдрах тохиолдол элбэг. Тэдгээрийг  яаж хамруулж байгаа вэ?

-Анх төслийг хэрэгжүүлж эхэлж байхад нэг хаяг дээрх олон айлын нэг нь л авч байсан. Харин одоо хорооны ажилтнуудтай хамтран бичиг баримтыг нь баталгаажуулснаар айл өрх бүрт зуух өгч байгаа. Мянганы сорилын сантай хамтран хэрэгжүүлж байсан төслийн хүрээнд 2011 онд хотын төвийн хэсэгт ойрхон байрлалтай долоон хорооны 12869 айл өрх, 2012 онд есөн хороодын 13104 айл өрх хамрагдаж төсөл өндөрлөсөн. Харин энэ жилийн хувьд Засгийн газар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. 2013 оны хувьд Баянзүрх дүүргийн 21 хороо бүгд хамрагдах бөгөөд нэрсийн жагсаалтын дагуу зуухыг гэрт нь очиж суурилуулж өгч байгаа.

-Зуухыг заавал өөрсдөө суурилуулж, хуучин зуухыг хурааж авч нэгдсэн журмаар устгалд оруулж байсан. Үүнд иргэд дургүйцдэг юм билээ?

-Зуух авсан айл өрхүүдэд заавал авч очиж суурилуулж өгч байгаа. Бидний зүгээс иймэрхүү эсэргүүцэлтэй тулгардаг нь үнэн. Журмын дагуу нэг зуух өгөөд баримтжуулдаг. Хүмүүс шинэ зуухандаа гаршиж өгөхгүй нэг хоёр хоноод хуучин зуухандаа гал түлэх магадлалтай болохоор ийм журам гаргасан. Халуун нурамтай ч хамаагүй хуучин зуухыг нь зөрүүлээд л ачаад явна.

-Мянганы сорилын сангийн төсөл дуусаад Засгийн газраас төслийг үргэлжлүүлж байгаа гэлээ. Тэгэхээр зуухны үнэ ханшид  өөрчлөлт орсон уу?

-Ялгаагүй хөнгөлөлттэй үнээр иргэдэд хүрч байгаа. Иргэддээ хандаж бичиг баримтын ямар нэг  зөрчилгүй бол хороон дээрээ очоод хүсэлт гаргаад гэрээ хийхэд ямар нэгэн хүндрэл гарахгүй захиалгын дагуу нэрсийн жагсаалтаар шинэ зуух тань тараагдах болно л гэж хэлье дээ. Товлосон хугацаанд хамрагдахгүй бол энэ төсөл ирэх жилээс хөдөө орон нутгууд руу шилжинэ гэдгийг л сануулмаар  байна.

Эрчим хүчинд хэмнэлттэй, сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр авах цэгийн байрлал

Д/Д

Зуухны
захиалга авах цэгийн байрлал

Хороод

Канад
улсад үйлдвэрлэсэн усан халаалтын зуух

1

5-р хорооны байранд

4,5,11,22 хороод

 

2

13-р хороо, Дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн талаас
400 метр зайд байрлах хүүхдийн тоглоомын талбай

8,12,13,14,16,25 хороод

Нам даралтын зуух авах иргэд, хороодынхоо харъяа цэг
дээр очиж нэрээ бүртгүүлэн, захиалгад хамрагдана.

3

2-р хороо, хорооны байрны хажууд

2,21,27 хороод

 

4

19-р хороо, хорооны байрны хажууд

9,17,19,24 хороод

 

5

23-р хороо, Улиастай шинэ эцэс хорооны байр

20,23,28 хороод

 


Хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авах үнийн жагсаалт

Д/Д

Зуухны
төрөл

Зуухны
үндсэн үнэ

Мянганы  сорилын сангийн татаас

Засгийн
газрын урамгуулал

Нийт
татаас

Хэрэглэгчийн
авах үнэ

1

Нам даралтын Илч зуух

 

 

 

 

75000

2

Хас

480000

$
164

203260

422300

57700

3

Дөл

378000

$
179

111367

349700

28300


С.ОЮУНЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж