Тоглолтын эхлэлийг ТЛЖ-13 маш эрч хүчтэй эхлүүлсэн. Ялангуяа тэдний легионерууд тун сайн байж, Кендрик Блэк эхний үед 9 оноо авсан. Мөн Э.Дөлгөөний дамжуулалтаар Д’Андре Браун хүчтэй данк хийсэн. Ингэснээр эхний үед 30-15-р ТЛЖ тэргүүлсэн.
Тоглолтын 2-р үед багууд тэнцүүхэн тоглолт гаргасан. Баянзүрх Буллз багийн лидер Т.Санчир эхний хагаст 14 оноо авч, багаа тэргүүлсэн. Харин ТЛЖ-13-с Кендрик Блэкийн сайн тоглолт үргэлжилсэн. Тоглолтын 2-р үед ТЛЖ тун гоё хувилбар гаргаж, А.Гансүхийн дамжуулалтаар Блэк цагариган дээрээс довтолсон. Ингэснээр эхний хагас 52-36-аар ТЛЖ-н даваймгайллаар өндөрлөсөн.
Тоглолтын сүүлийн хагаст ч ийм дүр зурагтай тоглолт үргэлжилсэн. ТЛЖ-с Д’ Андре Браун тун сайн тоглож, сүүлийн хагаст маш олон хүчтэй слэм данк хийж, энэ тоглолтонд нийт 25 оноо, 10 самбар авчээ. Мөн ТЛЖ багаараа 28 довтолгооны самбар авч, эсрэг багаасаа самбарт илт илүүрхлээ. Тэднээс Кендрик Блэк 27 оноо, 14 самбар, Г.Цэнгүүнбаяр 16 оноо, 10 самбар авчээ. Мөн энэ тоглолтын бас нэгэн онцлох тоглогч нь А.Гансүх байлаа. Тэрээр энэ тоглолтонд 13 оноо, 10 самбар, 13 оновчтой дамжуулалт өгсөнөөр Супер лигт трибль дабль хийсэн анхны тоглогч боллоо. Ингэснээр энэ тоглолтонд 105-90-н харьцаатай ТЛЖ хожиж, 3-8 гэсэн амжилттай боллоо. Тэд ийнхүү СБЛ, Баянзүрх Буллз гэсэн хүчирхэг багуудыг дараалан буулган авч байна. Харин Баянзүрх Буллз багаас супер лигийн онооны лидер Т.Санчир 40 оноо, 10 самбар, Рафаел Харрис 14 оноо, Х.Бат-Эрдэнэ 12 оноо, 11 самбар авчээ. Тэд ийнхүү 7-4 гэсэн амжилттай болж байна.
Өчигдрийн хоёр дахь тоглолт Энержи Ресурс Харцага болон Танан Гарьд багуудын хооронд болсон. Энэ тоглолтонд Гарьдуудын ахлагч Г.Ихбаяр бэртлийн улмаас оролцсонгүй. Эдгээр багуудын хувьд 2-р тойргийн сүүлийн тоглолтоо хийсэн бөгөөд плэй-оффын байрлалын төлөөх ширүүн тоглолт болсон. Тоглолтын эхний үед Харцагуудаас холбон тоглогч Г.Баттөрийн дамжуулалт, оролтууд амжилттай болж, 15 оноогоор багаа тэргүүлсэн. Харин Танан Гарьд багаас О.Ууганбаяр эхний үед 10 оноо авсан. Ингэснээр тун өрсөлдөөнтэй өрнөсөн эхний үе 29-25-р Харцагын даваймгайллаар өндөрлөсөн.
Тоглолтын 2-р үе эхлээд Гарьдуудаас Б.Мөнхболдын шидэлт, оролтууд амжилттай болж, дараалсан 8 оноо авсан. Гэсэн ч 2-р үеийн эхэнд орохгүй байсан Харцагын Б.Нэмэхбаяр, Б.Ганхөлөг нарын холын зайн шидэлтүүд, энэ үеийн дунд үеэс байндаа тусч эхэлсэн. Улмаар эхний хагаст Б.Нэмэхбаяр холын зайн 4 шидэлтээ амжилттай болгожээ. Ингэснээр эхний хагас мөн л Харцага багийн даваймгайллаар 54-49-р өндөрлөсөн.
Энэ өдөр Энержи Ресурс Харцага багийн довтолгооны гол хувилбар нь холын зайн шидэлт байсан. Эхний хагаст 52 удаа довтолсоныхоо 26-г нь холын зайнаас шидсэн тэд, 2-р хагаст 42 удаа довтолсоныхоо 26-г нь холын зайнаас шиджээ. Ингэснээр тэд нийт довтолгооныхоо талаас их хувийг холын зайнаас гүйцэтгэжээ. Гэхдээ тэдний дундаас онцгойрсон тоглогч нь Б.Нэмэхбаяр байлаа. Тэрээр нийт 9 холын зайн довтолгооноо амжилттай болгосноор, 33 оноо авчээ. Мөн Г.Баттөр 31 оноо, 8 оновчтой дамжуулалт, П.Болортулга 14 оноо, 10 самбар, Б.Одбаяр 8 оноо, 16 самбар авсан байна. Ингэснээр тоглолтонд Энержи Ресурс Харцага 104-96-р хожлоо. Харин Танан Гарьд багаас О.Ууганбаяр 26 оноо, Б.Мөнхболд 25 оноо, 9 самбар, Вүүдс 17 оноо, 9 самбар, Ц.Азбаяр 10 оноо, 7 оновчтой дамжуулалт өгчээ.
Энэ тоглолтонд хожсон Энержи Ресурс Харцага ингэснээр 7-5 гэсэн амжилттай боллоо. Тэд энэ үзүүлэлтээрээ хүснэгтийн 4-р байранд бичигдэж байгаа бол, тэдэнд хожигдсон Танан Гарьд 8-4 гэсэн үзүүлэлттэй болсон ч, 1-р байранд хэвээрээ үлдэж байгаа. Ингэснээр 1 болон 4-р байранд явж байгаа багуудын хооронд ердөө 1-хэн хожлын зөрүүтэй болж байна. Супер лигийн 2-р тойрог маргааш, Эхлэл МБМ болон ТЛЖ-13, Эрдэнэдрийлинг Ригс болон Баянзүрх Буллз багуудын тоглолт болсоноор өндөрлөнө.