Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.05.27-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах талаар хэлэлцэв

Засгийн газрын ээлжит 30 дугаар хуралдаан өчигдөр /2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр/ болж дараах асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

“МИАТ” ХК-ТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ТОДОРХОЙ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “MИАТ” ХК-ийн үйл ажиллагаатай холбогдон үүссэн нөхцөл байдалтай өчигдөр орой танилцаад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу нөхцөл байдлын талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд  Х.Баттулга Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Засгийн газар “МИАТ” ХК-тай холбоотой асуудлыг  2 дах  удаагаа авч хэлэлцэж байгаа нь энэ юм.
 
“МИАТ” ХК-ийн Техникийн газрын инженер, техникийн хэсэг ажилтан 2010 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06.45 цагт нисэх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “Боинг 737-800” онгоцыг нислэгт гаргалгүй саатуулснаас энэ нислэг болон 18.00 цагт нисэх байсан Улаанбаатар-Бээжингийн нислэг хойшлоход хүрсэн байна. Нислэг саатсанаар 1141 зорчигчийг тээвэрлэх боломжгүй болж, урьдчилсан байдлаар 384.8 сая төгрөгийн хохирол учирчээ. Хүний амь нас, аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой хамгийн эмзэг салбарт ийм хариуцлагагүй байдал гарч байгаа нь онцгой нөхцөл байдал гэж үзэх ёстой. Тиймээс байдлыг хэвийн болтол нислэгийг зогсоож, энэ хугацаанд гадны авиа компанитай гэрээ хэлэлцээ хийн онгоц түрээслэн, хуваарьт нислэгийг үргэлжлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Иргэний агаарын тээврийн салбар нь хүний амь настай холбоотой, хамгийн эмзэг салбар учир энд хариуцлагагүй байдал байх ёсгүй. Үүнийг газар авахуулалгүй цэг тавих ёстой. Төрийн өмчит бусад аж ахуйн нэгж, байгууллагад ч ийм хариуцлагагүй байдал гаргахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд холбогдох албан тушаалтнуудад хатуу анхаарууллаа.  

Нислэгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд:

“МИАТ” ХК-ний Сөүл, Бээжингийн чиглэлийн нислэгийг гүйцэтгүүлэхээр “Кореан Эйр” компаниас агаарын хөлөг түрээсээр авч 5 дугаар сарын 25-26-ны өдрийн нислэгийг нэгтгэн, Сөүлээс 17.35 цагт Улаанбаатарт бууж 21.30 цагт нисэхээр, Бээжингийн чиглэлийн нислэгийг 5 дугаар сарын 26-ны өдрийн 22.00 болон 22.30 цагт Улаанбаатараас нисгэх
Нислэгийн хэвийн ажиллагааг хангах үүднээс “Бойнг-737-800” хөлгийн техник үйлчилгээг хийж, нислэгт гаргах зөвшөөрөл олгох инженер, техникийн ажилтнуудыг эхний ээлжинд “Кореан Эйр”  компаниас авах

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, “МИАТ” ХК-аас чөлөөлөгдсөн ажилтнуудыг аюулгүй байдлын хамгаалагдсан бүсэд нэвтрэхийг хориглох

“МИАТ” ХК-ний Техникийн газрын ажлыг хэвийн горимд яаралтай оруулахын тулд шинэ удирдлагыг томилох, өргөдөл гаргасан инженер, техникийн ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсож тодруулах

“МИАТ” ХК-ний Техникийн газрыг Европын иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжүүлсэн Европын нисэхийн аюулгүй ажиллагааны агентлагтай асуудлыг нарийвчлан авч үзэх, тухайлбал Техникийн газрын даргад тавигдах шаардлага, техник үйлчилгээний дотоод хяналтын асуудлыг тодруулах зэрэг арга хэмжээг тус тус авчээ. Мөн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Төрийн өмчийн хороо хуралдан “МИАТ” ХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгосон байна. Шинээр сонгогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь “МИАТ” ХК-ний гүйцэтгэх захирлаар Ц.Орхоныг томиллоо.  

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АРГА ХЭМЖЭЭ АВНА

“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

тогтоолын төсөлд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт

Сангийн яамнаас санаачлан боловсруулж байгаа “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо боловсруулсан тураг, шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүний НӨАТ-ыг чөлөөлөх асуудлыг нэмж тусгах импортын гурил, улаанбуудай, тахиа, гахай, загасны махны импортын тарифыг дотоодын үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зориулалт, улирлын нөөцтэй уялдуулан ялгавартай, уян хатан зохицуулах асуудлыг иж бүрэн судалж, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамт боловсруулан 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт

“Худалдааны зохицуулалтын тухай хууль”-ийн төслийг боловсруулж 2010 оны гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгалаа.      

Махны хангамж нийлүүлэлтийг сайжруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийг шууд холбох, үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Улаанбаатар хотод махны яармаг худалдааг хаврын улиралд сард 2 удаа, бусад улиралд сард 1 удаа зохион байгуулах, эрэлт нийлүүлэлтэд хяналт судалгаа хийж байхыг Засгийн газар зорьж байна. Хүнсний хангамжтай холбоотой асуудлыг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ ОРДЫГ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилан сонгон шалгаруулалтын баримт бичгийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга

    Хөрөнгө оруулалтын гэрээ нь 19 бүлэг, 144 зүйл, 2 хавсралтаас бүрдэнэ. Төсөлд татварын орчинг тогтвортой байлгах, тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг асуудлыг тусгасан байна. Засгийн газраас өргөн барьсан саналын дагуу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хүсэлтийг ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төрийн  өмчит “Эрдэнэс МГЛ” компани гаргана. Нэг талаас Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд нар, нөгөө талаас “Эрдэнэс МГЛ” компани болон ордын тодорхой хэсэг талбайд түүнтэй нүүрсний олборлолтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах, нүүрс олборлох, борлуулалт хийх хөрөнгө оруулагч гэрээ байгуулахаар тусгажээ.  

Нүүрс олборлолтын гэрээний төслийн танилцуулга

    Нүүрс олборлолтын гэрээний төсөл нь 21 зүйл, 1 хавсралттай бөгөөд төсөлд талуудын эрх, үүрэг, төлөөлөл ба хяналт, техник, эдийн засгийн үндэслэл, уурхайн үйл ажиллагаа, үнэ тооцох аргачлал, бүтээгдэхүүн хуваалт, урьдчилгаа төлбөр болон урамшуулал, тайлантай холбоотой гол асуудлыг тусгасан байна. Төслийг боловсруулахдаа Австрали Улсын нүүрсний олборлолтын зарим загвар гэрээ, Индонези Улсын нүүрс олборлолтын гэрээ, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний туршлага зэргийг харгалзан үзжээ.
    
ХӨГЖЛИЙН БАНК БАЙГУУЛАХ БОЛОВ

Монгол Улсын хөгжлийн банк байгуулах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов. Хөгжлийн банк байгуулахтай холбогдуулан банкны хувь нийлүүлсэн хөрөнгө бүрдүүлэх, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 16.0 /арван зургаан/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгав. Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл 2010-2012 онд төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй байх төлөвтэй байна. Хөгжлийн банк нь Засгийн газраас тодорхойлсон хөгжлийн тэргүүлэх чиглэлд багтсан салбаруудад санхүүгийн зуучлалын ажил, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх юм.

Хөгжлийн банк нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хөгжлийн санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтэц, аж үйлдвэржилтийг дэмжиж, Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.  Хөгжлийн банк нь аж үйлдвэрийн салбарын хөгжилд зориулах Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хөгжлийн санхүүгийн мэргэжлийн байгууллага болох Хөгжлийн банкаар дамжуулах нь үр дүнтэй гэж Засгийн газар тооцож байна.

ШИВЭЭ-ОВООГИЙН ОРДЫГ ТҮШИГЛЭН УУРХАЙ-СТАНЦЫН ЦОГЦОЛБОР БАРИНА

    “Шивээ-Овоо нүүрсний ордыг түшиглэн уурхай-станцын цогцолбор барьж байгуулах төсөлд хамтран ажиллах ерөнхий гэрээ” байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах нь зүйтэй гэж үзэв. Уурхай-станцын цогцолбор барьж ашиглах явцын талаар Ажлын хэсгийн  ахлагч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Төсөлд монголын талаас Монгол Улсын Засгийн газар эсвэл түүний эрх олгогдсон байгууллага, хятадын талаас хөрөнгө оруулагч болох БНХАУ-ын “Цахилгаан сүлжээ” корпораци оролцоно. Төслийн хүрээнд Шивээ-Овоо нүүрсний ордыг түшиглэн жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий нүүрсний ил уурхай, 8 х 600 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Хойд Хятадын эрчим хүчний дамжуулах сүлжээнд цахилгаан экспортлох 4000 МВт цахилгаан дамжуулах хүчин чадалтай дамжуулах сүлжээ болон дулааны цахилгаан станцыг жилд 16 сая м/куб усаар хангах байгууламж барих, Монгол Улсын дотоодын эрчим хүчний хэрэгцээнд ойролцоогоор 300 МВт цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх юм.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ

Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж барих дулааны цахилгаан станцын ажлын явцын тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Могойнголын нүүрсний уурхайг түшиглэж дулааны цахилгаан станц барих талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээг “Концессийн тухай хууль”-д нийцүүлэн шинэчилж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав. Энэ нь төсвийн ачааллыг хөнгөвчилж, хувийн хөрөнгө оруулалтыг татах замаар төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр ажиллана гэсэн үг юм. Цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих газрын зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг судлаж, зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нарт даалгалаа.

Мөн станцын хөрөнгө оруулалтын хэмжээ, хүчин чадал зэрэг асуудлыг нарийвчлан судлаж, холбогдох нэмэлт, өөрчлөлтийг гэрээнд тусгахыг үүрэг болгосон байна. Завхан, Говь-Алтай аймаг төвлөрсөн эрчим хүчний систем, байнгын эх үүсвэргүй, төвийн эрчим хүчний системээс тусдаа, бие даан ажилладаг дизель цахилгаан станцтай. Дээрх хоёр аймгийн төвд өдөрт 6-8 цаг, сумын төвүүдэд 19-20 цагийн хязгаарлалттайгаар хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж