Үүний зэрэгцээ өчигдөр Сирийн армийн Ливаны хилийн ойролцоо агаараас цохилт хийсэн байна. ВВС-ийн мэдээлснээр Сирийн байлдааны онгоц Ливаны Арсал хотын ойролцоох хоёр улсын хилийн хооронд дөрвөн пуужин харважээ. Одоогоор энэхүү дайралтын улмаас шархдаж гэмтсэн болон хүний амь нас эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байна. Олон улсын ажиглагчдын зүгээс энэхүү хэргийг Сирид хоёр жил үргэлжилж буй зөрчил мөргөлдөөн газар авч, хүрээгээ тэлж буйг баталлаа хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Их Британи, Франц улсуудын зүгээс Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээг цуцлахыг дэмжиж, босогчдыг зэвсэг, техникээр хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сирийн босогчдын “Чөлөөт арми” өнгөрсөн хэдэн сарын хугацаанд тус улсын хойд хэсгийн томоохон хотуудад хяналтаа тогтоогоод байгаа юм. Түүнчлэн босогчдын зүгээс эдгээр бүс нутгуудад орон нутгийн зөвлөлийг байгуулж, шүүх, шорон гэх мэт нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа албан газруудыг нээн ажлуулж эхэлсэн байна. Гэхдээ эдгээр бүс нутгуудад ус, цахилгааны хүрэлцээ муугаас тодорхой хязгаарлалттай захиран зарцуулж байгаа аж.