Энэхүү халдлага нь лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн зүгээс “Reuters” агентлагт сүрдүүлж, заналхийлсэн аудио бичлэг ирүүлсний дараа болжээ. Энэ аудио бичлэгт “Боко Харам”-ын зэвсэгт дайчнаас гадна өнгөрсөн сард Камерунд барьцаалагдсан Францын нэг гэр бүлийн найман жуулчны өрхийн тэргүүний яриа бичэгдсэн байна. Аудио билэгт “Боко Харам” бүлэглэлийн зүгээс Камерун улсын албаныхан тус бүлэглэлийн дайчид болон дагалдагчдыг баривчлан хорьсоор байвал тэсрэх бөмбөг халдлага дайралт, хүн барьцаалах гэмт хэрэг үйлдэхээ улам нэмэгдүүлнэ хэмээн заналхийлсэн байжээ. Түүнчлэн зэвсэгт дайчдын зүгээс Камерун, Нигерид хоригдож буй Боко Харам бүлэглэлийн гишүүдийг суллахгүй бол Францын жуулчдыг хэзээ ч тавьж явуулахгүй гэж мэдэгдсэн байна. Францын Гадаад Хэргийн сайдын зүгээс уг аудио бичлэгийг судлан, шинжилж үзээд зэвсэгт дайчдад барьцаалагдаад буй тус улсын иргэн Танги Мулен-Фоурниерийнх мөн болохыг баталгаажуулсан байна. Аудио бичлэг дээрх “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчин хауса хэлээр ярьсан байжээ.
Францын гадаад хэргийн сайд өнгөрсөн сард тус улсын жуулчид барьцаалагдсан хэргээр Камеруны албаныхантай уулзалт, яриа хийсэн бөгөөд Камеруны албаныхны зүгээс барьцааны хүмүүсийг Нигерид хоригдож байгаа хэмээн таамаглаж буйгаа мэдэгджээ. Харин Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан зэвсэгт дайчдад барьцаалагдсан Францын жуулчдын байршлыг тогтоож, эсэн мэнд байгаа эсэхийг тогтоох ажилд анхааран ажиллахаа мэдэгдсэн байна.
Боко Харам бүлэглэл нь Нигерид лалын шашны дүрэм журмыг тогтоохыг хичээдэг бөгөөд тус бүлэглэлийн халдлага дайралтын улмаас Нигерид олон зуун хүн амь үрэгдээд буй юм. Түүнчлэн тус бүлэглэл Нигериэс гадна Чад, Камерун, Нигер зэрэг улсуудад хүн барьцаалах, алан хядлага үйлдэх гэмт хэрэг үйлддэг байна.