Унгарын парламентаар батлагдсан Үндсэн хуулийн засварыг эсэргүүцсэн жагсаал тус орны нийслэлд болов. Антисемит хэллэгээрээ алдартай хүмүүсийг шагнасан нь жагсагчдын дургүйцлийг төрүүлжээ.
Өнгөрсөн ням гаригт хийгдсэн жагсаалд оролцогсод баруун консерватив Засгийн газартай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Milla ("Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх саятнууд") хөдөлгөөний зохион байгуулсан эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогсод саяхан Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүд нь аажмаар ардчиллыг устгахад чиглэгдсэн гэж үзэцгээв.
Эхлээд жагсагчид арга хэмжээгээ Унгарын үндэсний баярын 15-ны өдөр хийхээр төлөвлөсөн байгаад цасан шуурганы улмаас хоёр өдрөөр хошлуулж 17-ны өдөр хийжээ. Хойшлогдсон арга хэмжээг хоёр хоногийн дараа явуулсан цорын ганц хүчин нь Milla хөдөлгөөн болсон байна. Бусад нам, хөдөлгөөнүүд уг арга хэмжээнд оролцсонгүй.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөс гадна антисемит хэллэгээрээ алдартай хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Өнгөрсөн онд Михай Танчичийн нэрэмжит шагнал авцгаасан арваад сэтгүүлчид, эрх баригч ФИДЕС намд ойр Echo TV сувгийн телевизийн сэтгүүлч Ференц Санислог төрийн одонгоор шагнасныг эсэргүүцэн Танчичийн шагналаа буцаажээ. Санисло нь жүүдүүд, цыган нарын эсрэг чиглэгдсэн антисемит хэллэгээрээ мөн хуйвалдааны онол зэргээрээ алдартай нэгэн гэж AFP агентлаг тэмдэглэсэн байв.
Унгарын 1848 оны хувьсгал эхэлсний ойн үндэсний баяраар Виктор Орбаны Засгийн газар гавьяаны одонгоор археологч Корнель Бакаи, Алтан загалмай одонгоор Karpatia хамтлагийн дуучин Янош Петраш нарыг шагнасан байв. Архелогч нь дундад зууны үед еврей нар боолын наймаа хийж байсан гэж баталдаг ба харин дуучин нь хэт барууны "Шилдэг Унгарын төлөө" ("Йоббик") намд ойр бөгөөд “Унгарын гварди” гэх цэрэгжсэн хэт бурууны байгууллагыг хаагдах хүртэл нь дэмжин түүний аянд оролцож байжээ.