Германы тагнуулын албаны тэргүүн Герхард Шиндлер Башар Ассадын дэглэмийн төгсгөл тун удахгүй гэж эхлэв. Мөн тэрээр Сирийн сөрөг хүчинд нэгдсэн стратеги байхгүйд нь санаа зовж буйгаа дуулгав.
Сирийн тэргүүнийхээ хувьд Башар Ассадын хоногийн тоо гүйцэж байна гэдэгт Германы Холбооны тагнуулын албаны (BND) тэргүүн Герхард Шиндлер (Gerhard Schindler) итгэлтэй байна. Ассадын дэглэм мөхөж буй олон шинж тэмдэг байгаа гэж Шиндлер Deutschlandfunk радиостанцад өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний яриаг энэ сарын 17-ны өдөр радиогоор явуулсан байна.
Гэхдээ тэр яг одоо Ассадын дэглэм чухам хэзээ унахыг хэлж чадахгүй гэжээ. “Жишээ татахад, гурван сар ч юм уу, зургаан сар ч юм уу, жил ч юм уу” гэхдээ “бидний хувьд Ассадын дэглэм эцсийн эцэст унах нь тов тодорхой” гэдгийг Тагнуулын албаны дарга онцолсон байна.
Герхард Шиндлерийн сэтгэлийг зовоож байгаа ганц зүйл нь Сирийн сөрөг хүчинд “нэгдмэл стратеги” байхгүй болж байгаа ажээ. Тийм байдал өөрчлөгдөхгүй бол хэрэг явдал Иракийн хувилбараар өрнөн янз бүрийн бүлэглэлд хуваагдах аюултай гэнэ. ВND-ын үнэлгээгээр одоо босогчдын талд 100 мянга орчим дайчид тулалдаж байгаа аж. “Аль-Каида” байгууллагад ойр "Аль-Нусра фронт" бүлгийнхэн засагт гарах аюул их биш гэдгийг Шиндлер бас хэлжээ. Өнөөдөр “дэглэм химийн зэвсэг хэрэглэнэ” гэсэн шинж тэмдэг байхгүйг тагнуулчид мэдээлж байгаа. Дэглэм унах цагаар тодорхой төсөөллийн зураглалтай байх талаар BND бүхнийг хийж байна хэмээн Шиндлер мэдэгджээ.