Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч парламентын үед Сү.Батболдын Засгийн газраас ба­тал­сан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн ээлжит “хохи­рогчид” өнгөрөгч долоо хоногт Сүх­баатарын талбайд суулт зарлав. Жи­лийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахаар ОСКК-д хүсэл­тээ гаргаж, материалаа бүрдүүлсэн иргэ­дийн тоо аль хэдийн 4000 да­ваад байгаа ч зээлээ авч чадсан нь тун цөөхөн. Тэдгээрийг тө­лөөлж “хөнгөлөлттэй зээлд хам­раг­дахаар хашаа байшингаа зарж байр­­ныхаа урьдчилгааг төлсөн ч зээл олгогдоогүйн улмаас орох орон­гүй боллоо” гэсэн 200 гаруй ир­гэд Сүхбаатарын талбайд суулт хий­лээ. Тэдний энэ “улс төрийн” тэмц­лээс болж Барилга хот бай­гуулалтын сайд Ц.Баярсайхан тө­рийн ордонд зарласан хэвлэлийн бага хурлаа цуцлан зугтахад хүрэв. Харин суултаа өлсгөлөн болгон үргэлжлүүлэхээ мэдэгдсэн иргэдэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Цагдаагийн хэлтсээс зөвшөөрөл өгсөнгүй.

Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг сан­хүүжүүлэхийн тулд 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас худал­даалах, бонд гаргах эрхийг Хөгж­лийн банкинд өгсөн байдаг. Харин худал­даалсан бондын хэмжээ 80 тэрбум төгрөгт хүрээд зогссон тул санхүүжилт байхгүйн улмаас 6 хувийн хүүтэй зээлийн олголт тасал­дахад хүрээд байгаа аж. Нэгэнт Хөгж­лийн банкны бондыг худалдан авагч олдохгүй бол зээл ч бас хэрхэн олгог­дох билээ.

Төрийн банкнаас Барилга, хот байгуулалтын яаманд бичсэн танил­цуулгаас үзвэл хөтөлбөр хэрэгжиж эхэлс­нээс хойш буюу өнгөрөгч оны зургадугаар сараас хойш нийт 1333 иргэнд 58,2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс гадна Мон­голбанкнаас баталсан “Заавал байл­гах нөөц тооцож, хяналт тавих журам”-ын дагуу тус банк нийт ол­гогдсон 80 тэрбум төгрөгөөс 12 ху­виар бодож 9,5 тэрбум төгрөгийг заа­вал байлгах нөөцөд үлдээжээ. Үл­дэгдэл 12.5 тэрбум төгрөгөөр ердөө 284 иргэнд зээл олгох боломжтой. Харин одоо ОССК дээр хүлээгдэж бай­гаа 4337 иргэдийн зээлийг шийд­вэрлэхийн тулд дахиад 131 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. 

Уг нь Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ажлаа авсаныхаа да­­­­раа “ОССК дээр одоо материалаа бүр­­­дүүлж, урьдчилгаагаа төлөөд бай­­­­гаа 1500 иргэний зээлийг бид шийд­­­нэ. Түүнээс цааш бол 6 хувийн зээ­­­­лийг дахин олгох боломжгүй. Үү­ний оронд арилжааны банкуудын өгч бай­­гаа орон сууцны зээлийн хүүг буул­­­­гах чиглэлээр ажиллах ёстой” хэ­­­­­мээн мэдэгдсэн. Гэвч сайдын байр суу­рь салбарын бодлого болж гара­хаас өмнө ОССК дээр бүртгэлтэй ир­­­­­гэ­дийн тоо 4000-аас хол давчихаад байна.

Асуудлыг эерэг талаас нь харвал өмнөх Засгийн газрын үед баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөл­­­бөрийг Шинэчлэлийн Засгийн га­­зар хараахан зогсоочихоогүй бай­­­гаа. Дээр нь тухайн үед салбараа ха­­­риу­­­цаж байсан Х.Баттулга сайд ч бас энэ Засгийн газарт суудал эзэлж бай­­­гаа. Тиймээс одоогийн сайд Ц.Баярсайханы ажлаа хүлээж авсан да­­­руй­­­даа хийсэн “Зургаан хувийн зээл чинь сонгуулийн шоу байсан бай­­­­на, эдийн засгийн хувьд хэрэгжих ямар ч боломжгүй зүйл” гэдэг шүүмж­­­лэлийг хүлээн зөвшөөрөхөөс ар­­­га­­­гүй ч хэрэгжүүлэхийн төлөө явах нь энэ Засгийн газрын бас нэг үүрэг. Ялангуяа өмнөх Засгийн га­­­зарт алба хашиж байсан, одоо хашиж бай­­­гаа хүмүүсийн хувьд гаргасан шийд­­­вэрийнхээ төлөө хариуцлага хү­­­лээх хэрэгтэй гэсэн үг. Гэвч сан­хүүжилтыг яах вэ? Одоо хэрэгжүүлж байгаа 6 ху­вийн зээлийг олгохын тулд банкууд 3,0 хувийн орлого олж, 3,5 хувийн зар­дал гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл олж байгаа ашиг нь -0,5 хувь. Ийм ашиг­гүй бизнесийг хэн ч байлаа сан­хүүжүүлэхгүй. Өөрөөр хэлбэл Хөгж­лийн банкны бондод худалдан авагч дахиад гарахгүй. Тиймээс зээл олгож буй банкуудад ядахдаа ба­га ч гэсэн ашиг үлдээхийн тулд 6 ху­вийн зээлийг буцаагаад жилийн 8 ху­вь луу шилжүүлэх саналыг Төрийн банк болон салбарын яамнаас санал бол­гож байгаа юм байна. Гэхдээ үүнийг ажил болгохын тулд Засгийн га­зар дахиад бодлогоо эргэж харах хэ­рэгтэй болно. Сонгуулийн шоу хэ­вээр байх уу, зээлийн бодлого бо­лох уу? Зээл олгосон тоолонгоор барил­гын үнэ буух биш, өсөөд байвал яах вэ? Ингэхэд энэ бодлого бага дунд ор­ло­готой иргэдийг дэмжсэн бодлого уу, эсвэл барилгын компаниудыг дэм­жээд байна уу?

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж