Үргэлж хэрэг тарьж цагдаа нарт баривчлагдсан тухай мэдээллээр фэнүүдээ дардаг жүжигчин Линдсей Лоханы авто машины осол гаргасан хэргийг Лос-Анжелосын шүүх өчигдөр авч хэлэлцжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 48 минут шүүх хурлаас хоцорч ирсэн Лоханд тус шүүхээс 90 хоног согтууруулах ундааны эсрэг эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргасан байна.
Линдсей зургаан сарын өмнө Санта Моникад явж байгаад авто машины осол гаргаж хэргийн газраас зугтсан ч үүнийгээ яаралтай зураг авалттай байсан хэмээн тайлбарлажээ. Гэсэн хэдий ч цагдаа нарын мэдээлснээр тэрээр осол гаргах үедээ согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байсан нь шүүхээс дээрх шийтгэлийг түүнд онооход хүрсэн байна.
Лохан үүнээс өмнө замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зугтсан, найзынхаа гэрээс үнэтэй зүүлтийг нь хулгайлсан, хар тамхи, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг шалтгаанаар цагдаа нарт хэд хэдэн удаа баривчлагдан саатуулагдаж байсан билээ.
Э.АНХТУЯА