Түүнчлэн сайд “Оюутнууд хийсэн зүйлээ тайлбарлаж байгаагаас харахад энэ хүүхдүүд их өөрчлөгдсөн байна. Наашаа явахын өмнөх нүд, царай биш болжээ. Хамаагүй илүү биеэ даасан байна. Багш болох ажилд дадлагын хугацаа зайлшгүй хэрэгтэй. Дадлагаа дарамтгүйгээр, илүү чөлөөтэй, илүү өөрийгөө хөгжүүлсэн орчинд хийх нь зөв юм байна. Энэ хүүхдүүдийн дадлагын онцлог нь зааж байгаа хичээлээ зүгээр л сайн заах биш. Хүүхэд хөгжүүлэхэд илүү яаж анхаарч байна вэ гэдгээрээ өөр” гэдгийг Сайд онцолж байлаа.
Өмнө нь Хашаат сумын сурагчдын 35 хувь нь хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан бол энэ тоо 80 хувь болтлоо өсөхөд Монгол хэлний дадлагын багш Дэлгэрмөрөнгийн хичээл зүтгэл их. Тэрбээр дадлагын үеэр уран зохиолын дугуйлан хичээллүүлж уралдаан зохион байгуулсан байна. Түүний дугуйланд сумын сургуулиас 250 хүүхэд оролцож шүлэг найраглал уншиж жүжигчилсэн үзүүлбэр үзүүлжээ. Оюутнуудын санаачилсан ажлаас сурагчид нь ямар их урам авч, хичээлдээ дуртай болж байгааг харсан сумын ууган багш хүртэл “Хүүхэд бүр авьяастай, тэрийг нь нээх хэрэгтэй”гэдгийг ойлгосноо хэлж байсан юм. Тэдний нэг З.Отгончимэг багш “Би багш мэргэжлийг эзэмшээд 22 дахь жилдээ ажиллаж байна. Дадлагын багш нараас шинэлэг санаа, шинэ эрч хүч авч байна. Оюутнууд боловсролын системийг шинэчлэх гэж л ирсэн. Тэгэхээр бид ч гэсэн хамтарч тэдэнд дэм болж багшлах аргачлалаасаа зааж өгч хамтарч ажиллаж байна” гэлээ.
Олон жилийн өмнө илгээлт аваад орон нутгийг зорьдог байсан үеийг сэргээж хөдөө ирсэн оюутнууд сумын сургуульд багшилж байгаадаа сэтгэл өндөр байсан юм. Тухайлбал, дадлагын багш Э.Ундрахбаяр “Намайг энэ сургуулийн хамт олон сумандаа үлдээд ажиллаач гэвэл би дуртайяа хүлээж авна. Хөдөө багшлах боловсон хүчин дутагдалтай байдаг. Бид нар залуу хүмүүс. Бидэнд зорилго мөрөөдөл байгаа. Аливаа зүйлийг багаас нь эхэлж, орон нутгаас сайн хүүхдүүд бэлгтэн гаргаж ирснээр л бид өөрсдийгөө багш гэж нүүр бардам хэлдэг болох байх” гэсэн юм. Бусад оюутнууд ч ялаагүй Э.Ундрахбаяр шиг “Хэрвээ сургуульдаа үлдэж ажиллаач гэвэл дуртайяа хүлээж авна” гэдгээ тэд хэлж байлаа.
Суманд нэг шинэ хүн ирэхэд сум даяараа сонирхдог. Тэгвэл хашаат суманд 16 оюутан ирж ганц багшлах бус хүүхэд, олон нийтэд хандсан ажил зохион байгуулж байгаа нь сумынхны хувьд шинэ соргог зугаатай үйл явдал болж байгаа юм байна. Сурагчид ч гэсэн “Манай багш гоё тоглоом тоглуулдаг” хэмээн оюутан багш нараа магтана лээ. Дадлагын багш нар нийт найман долоо хоног тэнд ажиллана. Гуравхан долоо хоногт нь хэдэн арван үзүүлэн гаргаж хүүхдүүд битгий хэл багш нарт үлгэрлэж чадсан тэд найман долоо хоногийн дараа сумын сургуулийн бүх хүүхдийг дугуйлан секцэд хамруулах дүр зураг харагдаж байна. Тэднийг “Боловсролын шинэчлэл хөтөлбөрийг суманд авчирч чадах нь гэсэн итгэлтэй” байгаагаа Л.Гантөмөр сайд хэлж байлаа. МҮОНТВ шинэ үеийн багш нарыг Хашаат сумын сургуульд дадлага хийж байгаа багш нараар жишээлж теле нэвтрүүлэг хийж байгаа бөгөөд удахгүй олон нийтийн хүртээл болох юм байна.