Дүр эсгэхээ болих болоогүй юу

Хуучирсан мэдээ: 2013.03.19-нд нийтлэгдсэн

Дүр эсгэхээ болих болоогүй юу

Туслах гэж биш туслаж байгаа мэт харагдахыг хичээдэг хүмүүс бий. Яг л ажил хийх биш хийж байгаа мэт харагдаж удирдлагадаа бусдаар магтуулахыг хичээдэг хүмүүстэй адил. Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүсийн зорилго нь үр дүн биш үйл явц.

Цөөн хэдхэн хүнд багахан хэмжээний тэтгэлэг, урамшуулал олгоно гэсэн зарлалаа хэдэн долоо хоногоор, өдөр тутмын сонингийн үнэтэй нүүрнүүдийг худалдан авч зарлуулдаг жишээнүүд олон. Таван зуун мянган төгрөгөөр хэн нэгнийг урамшуулахаас илүү тавин сая төгрөгөөр ийнхүү урамшуулж байгаагаа зарлах нь чухал болоод тэр.

Мэдээж хүн өөрийнхөө хувийн мөнгийг хэрхэн зарцуулах нь тэр хүний л эрх. Гэхдээ, хэн нэгнийг урамшуулж, туслахад биш өглөгч дүрээ хэтэрхий үнэлэх нь цаанаа л жудаггүй мэт. Гадаадын уул уурхайн компаниас эхлээд л жил бүр ганц хоёрхон оюутанд тэтгэлэг олгохыгоо хэдэн арван саяаар нь зарладаг жишээ ч бий.

Телевизийн камер, сэтгүүлчдийг дагуулахгүй л бол тусламжийн арга хэмжээнд очихыг хүсдэггүй дарга нар ч тэдэнтэй адил. Өөрсдөөсөө бусдыг огт анзаарахыг хүсэхгүй хүмүүстэй жишвэл дүр эсгэгчид мэдээж дээр. Харин аюултай нь, “энэ хүн тусалж байгаа юм чинь, би яах вэ” гээд жинхэнэ туслах хүнийг орхиод явах.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж