Хамгийн үнэ цэнэтэй орон сууцууд Зайсангийн амыг түшиглэн босч, тэнгэр баганадсаар байгаа нь эцэстээ “Зайсангийн аманд Ганнам дүүрэг байгуулагдаж байна” гэх яриаг үүсгэх болсон. Хачирхалтай нь, ийм дүүрэгт жирийн иргэд амьдрах эрхгүй, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нь л үл хөдлөх хөрөнгө босгох ёстой гэх маягийн бичигдээгүй хууль үйлчлэх болсноос тэдний дунд тэмцэл өрнөж, тэр хэрээр газар давхардуулан олгосон гэх эх адаг нь олдохгүй маапаан бас үүсчээ. Ямар ч байсан зарим аж ахуйн нэгж иргэдтэй зохицон газрыг нь үнэлэн авч үл хөдлөх хөрөнгө босгосон бол зарим нэг нь шууд л газар руу нь довтлон зарим хэсгийг нь өөрийн болгож байшин барилгаа барьсан явдал ч байгаа аж. Хуульд зааснаар Дархан цаазат газарт иймэрхүү наймаа хийгдэх ёсгүй, иргэн, аж ахуйн нэгж аль аль нь ашиглалтынхаа дагуу газрыг ашиглах ёстой ч ийм дүрэм Зайсангийн аманд хэрэгжсэнээсээ хэрэгжээгүй нь тооны хувьд олон аж. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр бол 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аялал жуулчлал, сургууль, цэцэрлэг, шашны үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар, 193 иргэнд зуслангийн зориулалтаар тус тус газар ашиглах эрхийг олгожээ. Газар олголтын байдлыг оноор нь авч үзвэл 2000-2003 онд 46, 2004-2008 онд 217, 2009-2012 онд 192 газар олголтыг хийсэн байна. Тодруулж хэлбэл, хамгийн их газар олголт 2008 онд буюу 101 газар, 2011 онд 156 иргэн, аж ахуйн нэгжид олгогджээ. Ноцтой нь, тэдгээрээс ердөө 65 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага л зөвшөөрөл авсан зориулалтынхаа дагуу тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй бол бусад нь газрыг зориулалт бусаар ашиглажээ. Газар ашиглах зөвшөөрөл хүсэхдээ аялал жуулчлалын зориулалтаар гэж тодотгосон ч орон сууцны хороолол барих, мөн хаус барих зэргээр үл хөдлөх хөрөнгийг сүндэрлүүлж бусдад зарж, хөрөнгөжжээ. Ийн үл хөдлөх хөрөнгө болж биежсэн газрыг цаашид яах вэ гэдэг ойлгомжгүй байна. Орон сууцны хорооллыг нь буулгалтай биш, дотор нь олон өрх бүл амьдарч байдаг. Иргэдийн хувьд ч орон сууц худалдан авахдаа 1 метр квадратыг нь дор хаяж 1800 ам.доллараар тооцсон байдаг. Гэтэл барилга барих нэрийн дор байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, өдий төдий сүйрэл учруулчихсан байдаг. Түүгээр ч үл барам нийтийн эзэмшлийн талбай руу нэвтэрч газраас нь хумслах, зам хаасан зэрэг зөрчлийг дурдвал өдий төдий аж. Ийнхүү Зайсангийн аманд мөнгөтэй нь мөнгөгүйгээ бөөрөлхөж, эрх мэдэлтэй нь мэдэлгүйгээ дарлаж аль аль нь хууль зөрчин явсаар 10 жилийг ардаа хийж, эцэст нь цэгцлэхэд бэрхтэй ажлын нэг болж хувирчээ.
Монголын нэр бүхий улстөрчдөөс эхлүүлээд толгой баячууд амьдрах болсоор багагүй хугацааг үдэж буй дархан цаазат газарт хамаарах Нүхтэд ч Зайсан шиг эмгэнэлт байдал үүсчээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гаргасан ажлын хэсгийнхний дүгнэлтээр Нүхтэд газрын даац хэтэрсэн байна. Янз нь баячууд нь баячуудтайгаа, улстөрчид нь улстөрчидтэйгээ барьцаж газар авч хашаа хатган хаус барьсан нь дээрх байдалд хүргэсэн бололтой. Үүнд аж ахуйн нэгжүүд ч хамаарах аж. Шалгалтын явцад эдгээр нь голын сайр, усны жалгыг хааж хашаа барих,тус бүртээ ундны болон цэвэр усны хэрэгцээг хангахаар худаг гаргах, бохир усаа зөөврөөр зайлуулахаар тус тусдаа цооног хийх зэргээр тохь тухаа хангасан нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, тэнцвэрт байдлыг алдагдуулах болжээ. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас холбогдох хууль зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд экологи, эдийн засгийн үнэлгээний хохирлыг тооцуулан Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн энэ мөнгөнөөс Богдхан уулын нөхөн сэргээлт, тохижилт, аялал жуулчлал, амралтын дэд бүтэц хөгжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин эрх мэдлээр далайлгасан томчууд нь хууль биелүүлдэг болов уу?.