Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх эх орондоо иржээ. Түүнтэй таарсных хэрэг зоригийг нь асуухгүй байж яаж болох билээ. Цаг зав гарган зорьж ирсэн ажлынх нь талаар асууж тодруулсан юм.
-Сайн явж байна уу, Монголдоо хэзээ ирээ вэ?
-Гурав хонож байна.
-Удах уу?
-Нэлээд хэд хононо оо. Чухал ажлаар ирсэн, ард нь гарч байж буцна.
-Сонирхуулаач, ямар ажил юм бэ?
-Манай С.Саянцэцэг эгч тоглолтоо хийх гэж байгаа юм. Энэ сарын 29-нд Дуурийн театрт тоглоно. Миний төгөлдөр хуурын концертыг анхлан сонсгох гэж байгаа болохоор цуг байх хэрэгтэй болоод.
-Хөгжмийн зохиолч “төрүүлсэн хүүхдийнх” нь хувь заяа хаашаа чиглэх нь вэ гэдгийг анзаарч, харилцан ярилцах, тоглоочтойгоо хамтарч шийдэх зүйл бишгүй байдаг байх л даа?
-Тийм ээ. Ийм учраас л ирсэн юм.
-Төгөлдөр хуурч С.Саянцэцэг зөвхөн таны бүтээлийг тоглох юм уу?
-Үгүй ээ, аавын бүтээлээс ч тоглоно.
-Сайхан мэдээлэл дуулгасанд баярлалаа. Та энэ жил “Гамлет” жүжгийн, “Ану хатан” киноны хөгжим бичих гээд их ажилтай байлаа, ядрав уу?
-Гайгүй ээ. Хийх л ажлууд.
-Нэлээд жин хассан харагдахаар ядарчээ гэж бодсон юм?
-Хөнгөрөөд сайхан байна. Нэг хэсэг ч овоо болоод байлаа шүү дээ. Дэмий юм билээ. Одоо энэ хэмжээнд барина гэж бодож байгаа.
-Эгч дүү уран бүтээлчдийн хамтын ажил, тоглолтод нь амжилт хүсье, тоглолтын дараа уулзая…
-Баярлалаа. Заавал үзээрэй. Шинэ бүтээл төрсний дараа хүмүүсийн сэтгэгдлийг сонсох их сонин байдаг юм.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин