Уго Легранд: Монгол бөхөөр барилдаж болох байх

Хуучирсан мэдээ: 2013.03.18-нд нийтлэгдсэн

Уго Легранд: Монгол бөхөөр барилдаж болох байх

Уго Легранд: Монгол үндэсний бөхийн дүрмийг сайн заалгачихвал барилдаж болох байх

Манай оронд жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Францын хөнгөн жингийн тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа. “Лондон-2012” олимпийн наадмын 73 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очиртой хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Уго Легранд манай оронд хөл тавиад байгаа юм. Түүнтэй өнгөрсөн долоо хоногт болсон “Универсиад”-ийн жүдо бөхийн тэмцээний үеэр ярилцсанаа хүргэе.

-Таны хувьд манай оронд хэд дэх удаагаа ирж байна вэ. Хэдүүлээ ирэв?

-Өнгөрсөн жил Францын жүдо бөхийн шигшээ багийн хамт танай оронд анх удаа ирж байсан. Энэ удаа хоёр дахиа Монголд ирж байна. Гурван тамирчин, дасгалжуулагчтайгаа хамт дөрвүүлээ 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ.

-Хэзээ нутаг буцах вэ?

-Энэ сарын сүүлээр буцна.

-Таныг ирэх сард болох Европын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх зорилгоор манай жүдочтой хамтарсан бэлтгэл хийхээр ирсэнийг дуулсан юм байна. Монголын жүдочдын талаар юу хэлэх вэ?

-Тийм ээ. Өнгөрсөн жил манай жүдочид танай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд ОХУ-ын Чялебинск хотод болсон ЕАШТ-д хүч үзэж, би жиндээ түрүүлсэн. Энэ нь танай бөхчүүдтэй хийсэн бэлтгэлийн үр дүн гэж боддог. Тиймээс ирэх сарын сүүлээрУнгарын Будапештэд болох тивийн аваргын тэмцээн, мөн тавдугаар сард ОХУ-ын Тюман хотод болох “Мастерс” тэмцээнд барилдах зорилгоор танай жүдочтой хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн. Энэхүү хамтарсан бэлтгэл ч үр дүнгээ өгөх байх. Гэхдээ танай жүдочид сая Европын цуврал тэмцээнүүдэд оролцоод ирсэн. Тиймээс ихэнх нь бэлтгэлдээ орж амжаагүй байна. Удахгүй бүгдээрээ бэлтгэлээ хийж эхлэхээр тун үр дүнтэй болох байх. Монголын бөхчүүд маш бяртай. Бас тун өвөрмөц барилдаантай. Танай орон дэлхийн хэмжээний олон шилдэг жүдочтой. Ялангуяа манай жинд С.Ням-Очир, Х.Цагаанбаатар гээд хүчтэй өрсөлдөгч олон бий.

-Та тэдэнтэй барилдаж байв уу?

-С.Ням-Очиртой одоогоос хоёр жилийн өмнө Азербайжаны Бакуд болсон жин жингийн шилдэг 16 жүдоч хүч үздэг “Мастерс” тэмцээний эхний тойрогт таарч, ялагдсан. Түүнээс хойш барилдаагүй. Харин Х.Цагаанбаатартай огт барилдаж байгаагүй. Тэр Лондоны олимпоос хойш манай жинд барилдаж байгаа. Түүнтэй цаашид олон удаа таарах байх. Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд олон жил дэлхийн чансааг тэргүүлсэн сайн тамирчин. Дээшээ жин өгсөөд ч сайн барилдаж байгаа. Өнгөрсөн сард Парист болсон “Их дуулга”-д дээд жиндээ түрүүлсэн шүү дээ.

-Манай орны талаар ямар бодолтой байна вэ?

-Монголын ард түмэн маш зочломтгой ард түмэн. Биднийг тун халуун дотноор угтаж авдагт баяртай байдаг. Харин цаг агаарын хувьд жаахан хэцүү санагдсан. Өнгөрсөн жил анх удаа ирэхэд их хүйтэн байсан. Харин энэ удаа өмнө ирж байсан болоод ч тэр үү гайгүй санагдсан шүү.

-Улаанбаатар хоттой танилцаж амжсан уу?

-Өнгөрсөн жил ирэхдээ “Чингис хаан”-ы цогцолбортой (Цонжин болдогыг хэлж байна) танилцсан. Мөн танай үндэсний бөхийг барилдааныг үзсэн юм байна. Харин энэ удаа Улаанбаатартай бага багаар танилцаж байгаа.

-Монгол үндэсний бөхөөр барилдаж болмоор юм байна уу?

-Танай үндэсний бөхийг анх харахад хэцүү санагдсан. Дүрмийг нь сайн заалгачихвал барилдаж болох байх. Бэлтгэлийн үеэр танай тамирчдаас монгол үндэсний бөхийн талаар заалгаж, жаахан ч гэсэн мэдлэгтэй болсон.

-Танд манай оронд дахин ирэх бодол байгаа юу?

-Ирэх долдугаар сард Улаанбаатарт Гран при тэмцээн болно гэсэн. Тэр үеэр ирэх бодолтой байгаа.

-Та өнгөрсөн жил Лондоны олимпод Монголын жүдоч С.Ням-Очиртой хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Олимпийн наадмын барилдаанаа эргэн дурсахгүй юу?

-Бололгүй яах вэ. Лондонд таван барилдаан хийж, хүрэл медаль хүртсэн. Эхний даваанд Польш, хоёрдугаар тойрогт Египетийн бөхийг ялсан. Харин шөвгийн наймд Нидерландын Декс Элмонтод ялагдаад дагах барилдаанд Тажикстаны Расуль Бокиевийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ван Ки-Чуныг ялсан даа.

-Лондонд хамгийн хүнд барилдаанаа хэнтэй хийсэн бэ?

-Мэдээж, хүрэл медалийн төлөө Ван Ки-Чунтай маш хүнд барилдаан хийсэн. Тэр манай жингийн тэргүүн жүдоч. Түүнтэй өмнө нь тав, зургаан удаа барилдахдаа ганцхан удаа ялж байсан. Харин Лондонд медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд юүкогоор ялсан даа.

-Олимпийн тэнгэрт шагналын тавцанд зогсох мөч ямар санагдаж байв?

-Үнэхээр гайхалтай санагдсан. Миний зорилго олимпоос медаль авах байсан. Зорилгынхоо үзүүрээс атгасандаа баяртай байлаа. Цаашлаад 2016, 2020 оны олимпод хүрэл медалийнхаа өнгийг хувиргах зорилготой байгаа.

-Лондоны олимпоос хойш барилдсан уу?

-Өнгөрсөн сард Парист болсон “Их дуулга”-д олимпоос хойш анх удаа барилдаж, эхний тойрогтоо ялагдсан. Цаашдаа том тэмцээнийг өнжих бодолгүй байгаа. 2016 онд Бразилд болох олимп хүртэл бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.

-Францад танай жинд өрсөлдөөн хэр вэ?

-Өрсөлдөөн маш ширүүн. Жин тус бүрт олон тэнцүү өрсөлдөгч байдаг. Манай жинд гэхэд олимп, ДАШТ-ий медальт, Бенжамин Дарбелет, Гиллес Бонхомме, Жордан Аморос гээд хүчтэй өрсөлдөгчид олон бий. Эднийг ялж байж олимп, дэлхийн тэмцээнд зодоглох эрх авна.

-Та Францын аль хотод төрсөн бэ?

-Монт-Сейнт-Айгнан хотод төрсөн.

-Танай нутгаас олон шилдэг жүдочид төрсөн байлгүй?

-Үгүй, надаас өөр олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн жүдоч байхгүй. Харин NBA-гийн “Сан-Антонио Спэрз” багт тоглож байгаа сагсан бөмбөгч Тони Паркер, Францын шигшээ багт тоглож байсан хөлбөмбөгчин Мохамед Сиссоко нар манай нутгийнх.

-Та гэр бүлтэй юу?

-Үгүй ээ. Гэр бүл зохиож амжаагүй байна. Эхнэр авах гэж тэгтлээ яарахгүй байгаа.

Б.БАТ

Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж