Хятадын төв тайзан дээр Ши Зинпин гарч ирлээ. Ирэх 20 жилийн хугацаанд АНУ-ын гүйцэж түрүүлнэ гэх тунчиг сайхан ирээдүйтэй улсын шинэ удирдагч төрөв. 1,3 тэрбум хүний хувь заяаг атгаж, тэдэндээ таарсан бодлого хэрэгжүүлэх гэж байгаа энэ хүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагч ч гэж хэлж болох талтай. Гэхдээ түүний өмнө хүн амын өсөлт, хүнсний дутагдал, экологийн бохирдол, эдийн засгийн өсөлтийг тогтмол төвшинд барих зэрэг томоохон асуудлууд хүлээж байгаа. Ши энэ бүгдийг хэрэгжүүлж, хятадын шинэ түүхийг бичиглэж чадах болов уу…
Өөрчлөгдөх эдийн засаг…
Яг одоо 500 сая гаруй хятад ядуу, зүдүү амьдарч байна. Энэ бол дэлхийн банкнаас гаргасан судалгаа. Эдийн засаг нь нээлттэй болоод удаагүй байгаа Хятад шиг улсад энэ зэргийн үр дүн гарна гэж зарим шинжээчид үзэж байна. Гэхдээ макро эдийн засгийг өсгөнө гэж бүхэлд нь харснаас болж жирийн иргэдийн амьдрал дордож байгаа үзэх хэсэг ажиглагчид бий. Тиймээс ядуурлын хэмжээг бууруулж эдийн засгийг дахин тэнцвэржүүлэх нь юу, юунаас илүү чухал байгаа билээ. Хэдийгээр эдийн засаг нь гадаад талдаа нээлттэй болсон ч хувийн компаниудад төрийн оролцоо тодорхой хэмжээнд байгааг нуух зүйлгүй. Төрийн өмчийн томохон компаниуд ч мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байх нь ч тулгамдсан асуудал. Хятадын зах зээлд томоохон компаниуд цөөнгүй. Эдгээ компаниудыг бодлогоор дэмжиж байна гээд улам монополь болгоод жижиг дунд үйлдвэрээ багалзуурдах вий гэсэн болгоомжлол ч эдийн засагчдад байна. Ямар ч байсан сүүлийн хэдэн жилд жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгох мөнгөний хэмжээг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээ амлаад байна. Мөн төрийн оролцоотой компаниудын тоог тодорхой хэмжээнд бууруулж, чөлөөт эдийн засгийн тогтолцоог төлөвшүүлэх зорилт тавьжээ.
Бүтцийн өөрчлөлт
Төрийн зарим нэг байгууллагуудыг татан буулгах ажлыг ирэх таван жилийн хугацаанд хийнэ. Хамгийн түрүүнд хийх ажил нь төрийн байгууллагын мэдээллийг ил тод болгох. Улиралд нэг удаа сайд нарын зөвлөл болоод томоохон албан тушаалтнуудад мэдээлэл хүргэж байх энэ тогтолцоог ил тод мэдээлэл гэж ойлгоход тун бэрх. Авлига, хүнд сурталыг багасгахын тулд төрийн томоохон албан тушаалтны дансны мэдээллийг авч байх тогтолцоо 20 жилийн дараах Хятадад мөрдөгдөж эхлэнэ. Мөн зарим нэг хуулийг ч өөрчлөх тухай энэ мөчүүдэд яригдаж байна.
Эрчим хүчний хэрэглээ
Хятадад сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээний өсөлт хамгийн их төвшинд хүрсэн. Хятадын дундаж хүн амын дийлэнх нь нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашигладаг бол гидроэлектрик төхөөрөмжийг ч бас ашигладаг аж. Хэдийгээр газыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай олон жил ярьсан ч одоог болтол хэрэглээнд нэвтрээгүй байна. Тиймээс ирэх 20 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээг тэнцвэржүүлж 150 гаруй сая иргэдийг эрчим хүчний хомсдолоос арилгах нь дараагийн сорилт.
Нуугдсан эрх чөлөө…
Үүнээс гадна үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ойрын жилүүдэд хуулиар баталгаажуулна гэдгийг Хятадын тав дахь үеийн удирдагч нар мэдэгдээд байна. Энэ бол хамгийн том өөрчлөлт юм. Хятадын маш олон залуус яг энэ мэдэгдлийн дараа өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Гэхдээ мэдээж хилийн гадна байгаа хятад иргэд гэдгийг санахад илүүдэхгүй. Ойрын таван жилд Google болоод Yahoo компанийн төлөөллийг Бээжинд байгуулах бөгөөд интернэтийн орчинд зарим нэг хязгаартайгаар эрх чөлөөг бүрдүүлэх юм. Орон нутгийн томоохон хэвлэлүүд төрийн мэдэлд үлдэх бөгөөд бусад томоохон мужид өөрийн гэсэн редакцтай үйл ажиллагаа явуулах салбар хороодыг байгуулах аж. Гэхдээ сайд нарын зөвлөлөөс хэлэлцэж болохгүй сэдвийн жагсаалтыг гаргах юм байна.
Үүнээс гадна хүн амын өсөлт болоод хүнсний хэрэгцээг 3,2 хувьд барих амлалт, ядуусыг 2025 онд нийгмийн анги давхаргад 2,2 хувь хүртэл нь бууруулах амлалтууд ч Ши-тэй хамт яваа. Харин түүнтэй хамт явааг нь хэн ч үл мэдэх нэгэн асуудал бий. Энэ нь Төвдийг чөлөөлөх асуудал. Хятадын коммунист намын бодлогоос нь харвал Төвдийг тийм ч амархан чөлөөлөхгүй. Тиймээс удирдлага солигдсон ч энэ асуудал гадныхан шаардсан, Хятад гэдийсэн нөгөөх танил дүр зургаар явж ч болох юм. Гэхдээ түүний бодлогыг гадны ажиглагчид нэг бол амжилт дагуулна, нэг бол маш том асуудал дэгдээнэ гэж харж байгаа. Хятадын улстөрийн соёлын угт ямар нэгэн шинэчлэл хийлгүйгээр иймэрхүү шинэчлэлийг хийх нь аюултай аж.
“Хятадын шинэ түүх, шинэ сэргэн мандалтын эрин эхэллээ” энэ бол түүний тавьсан анхны илтгэл. Ирэх 10 жилд хэрхэн өөрчлөгдөх бол…