-Гэр хорооллыг дахин төлөвлөх тухай удаан ярьсан ч одоо л ажил хэрэг болох нь гэж ойлгож болох уу?
-Дахин төлөвлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй, заавал аль нэг улс төрийн хүчин нийслэлийг толгойлж байгаа үед хийхдээ гол нь биш. Өнгөрсөн дөрвөн жил энэ ажлын эхлэл тавигдсан. Олон газар төлөвлөлт хийж, олон ч зургийг бэлэн болгосон. Бэлтгэл ажлыг өнгөрсөн дөрвөн жилд сайн хангаж ажилласан. 2012 оноос хойш улс орны эдийн засаг ч жаахан “халж” байна, хотын төсөв ч бололцооны хэмжээнд ирж байна. Өнгөрсөн дөрвөн жил бэлтгэл ажлыг сайн хийсэн гэдэг утгаараа гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын эхлэл энэ цаг мөчид таарч байна. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 192 мянган өрхийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөлийг хангана гэдэг хамгийн чухал нь. НИТХ-аас гэр хорооллын 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр баталсан. Сонгинохайрхан гэхэд хоёр байршилд дахин төлөвлөлт хийнэ.
-Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүргийг хувийн хэвшлийнхэнд хүлээлгэж байгаа. Хувийнхан энэ төслийг хэр сонирхож байгаа бол?
-Анх Ардчилсан намынхан мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах үндсэн гарц нь дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг татаж өгөх. Тэгсэн тохиолдод айл өрхүүд таун хаус, олон давхар орон сууцаа барих нь нээлттэй гэж ярьж байсан. Гэтэл одоо өнцөг нь өөр болоод ерөөсөө 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр болсон. Тэр дундаа долоон байршилд нь дандаа гэр хороолол. Энэ долоон байршилд дэд төвүүдийг бий болгоно гэж ярьж байгаа. Тэгээд инженерийн шугам сүлжээг хот шийднэ, газар дээрээ барих барилга байгууламжийг нь хувийн хэвшлийнхэнд нээлттэй болгож өгөхөөр журамласан. Хувийн хэвшлийнхэн бол ашгийн төлөө ажилладаг. Тэдэнд ямар ашиг санал болгож байгаа нь сонирхолтой. Ашигтай гэж санал болгож байгаа зүйл нь долоон байршлын нэг хэсэг дээр нь 20 юм уу, 30 айлын газрыг чөлөөлөөд, түүнийхээ тодорхой хэсэгт нь орон сууц бариад үлдсэн газрыг нь хувийн хэвшлийнхэнд үнэ төлбөргүй ашиглах эрхийг нь өгөх. Тэр газар дээр юу барьж, ямар худалдаа үйлчилгээ явуулах нь айлуудыг орон сууцтай болгосон компанийн эрхийн асуудал. Энэ нь тэр компаниудын сонирхлыг хэр зэрэг татах вэ гэдэг эргэлзээтэй. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг урина гэж байгаа. Гэхдээ хувийн хэвшлийнхэн “Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байгаа гэр хороололд дахин төлөвлөлтийн ажил эхлүүлье” гэж санал өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Үүнийг Төслийг удирдах хорооныхон сайн мэдэж байгаа. Энэ ажлыг хийх шаардлага, эрэлт хэрэгцээ гэр хорооллынхонд байна. Гэхдээ энэ ажлыг зөв эхлүүлж, зөв явах нь хотын удирдлагын үүрэг. Нухацтай хандахгүй бол хэцүү.
-Инженерийн шугам сүлжээнд ч 40 тэрбумыг төсөвлөсөн байсан. Энэ нь хэр хүрэлцээтэй мөнгө вэ?
-Энэ 40 тэрбум төгрөг нь яг 12 байршил дээрх инженерийн шугам сүлжээг нарийвчилж тооцоод төсөвлөсөн хөрөнгө биш. Ерөнхийдөө ханатай, ойролцоо тоо. Энэ мөнгө хүрэлцээтэй эсэх нь эргэлзээтэй.
-Дахин төлөвлөлт хийх долоон байршилд амьдарч байгаа иргэдийн өөрсдийнх нь санал чухал гээд байгаа шүү дээ. Энэ нь зөв шийдвэр байж чадах болов уу?
-Иргэд 100 хувь саналаа өгч дэмжээд аль нэг компанитай тохиролцоод, хотын захиргаа тодорхой хэмжээний баталгаа болж гэрээнд оролцсоноор энэ ажил хэрэгжиж эхэлнэ гэдэг нь эргэлзээтэй. Манай иргэдэд 100 хувь мэдээлэл авч чадаагүй байна. “Ямар компани ирээд миний газрыг чөлөөлөх юм бол”, “Оронд нь надад ямар хэмжээний нөхөн олговор өгөх юм”, “Одоо миний хашаанд байгаа тоосгон байшин, гурван тал хашааг яаж үнэлж байна вэ” гээд хаиулт хүлээсэн асуулт тэдэнд олон. Төслийн хэрэгжүүлэгч, иргэн хоёрын хооронд ямар харилцаа явах нь ч ойлгомжгүй. Гэхдээ НИХТ-ын чуулганаар баталсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх журамд “Төслийг хэрэгжүүлэхээр сонирхож байгаа компани нь тухайн байршил дээр очоод иргэдтэй уулзаж, иргэдийн 75-аас дээш хувийнх нь дэмжлэгийг авч байж төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгарна” гэж байгаа. Төслийн хороо нь төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулахгүй, иргэд өөрсдөө сонгоно. Тэгэхээр иргэдтэй зөвшилцөж чадсан сонирхогч компани нь тухайн төслийг хэрэгжүүлэгчээр шалгарна. Гэхдээ тэдний хооронд хэр зэрэг бодитой тохиролцоо байх вэ гэдэг нь тодорхой бус. “А” компанийн төлөөлөгч иргэдтэй уулзаад нэг үнэ ярьдаг гэтэл “Б”-гийнх очоод илүү үнэ ярина. Ингэснээр тэнд, үнэ хаялцсан эрүүл бус үйлдэл болоод өнгөрч мэдэх юм. Гэхдээ гэр хорооллын дунд байгаа энэ долоогоос аль нь ашигтай байршил билээ. Лав л манай Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу компаниудын сонирхлыг татахгүй нь тодорхой.
-Энэ 12 байршил нь хэр зөв сонголт байсан юм бол?
-Дэд бүтэц, инженерийн байгууламж, шугам сүлжээнд холбоход хялбар байршлыг сонгосон гэсэн. Хоёрт нь тухайн байршилд байгаа иргэдийн санал санаачлийг харж үзсэн гэж байгаа. Тэгээд өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан дахин төлөвлөлтийн зураг төсөл, бодлого, зарчимтайгаа уялдуулаад эхний ээлжинд 12 байршилд дэд төвийг бий болгоё гэж шийдвэрлэсэн гэсэн. Гэхдээ бидний бодож, төсөөлж байгаа хэмжээнд хүрэхэд нэлээд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай. Зөв бодлого, зөв удирдлага хэрэгтэй. Энэ ажлыг эсэргүүцэх нь утгагүй асуудал, дэмжих нь зүйтэй. Гэвч НИТХ-д сууж байгаа төлөөлөгчийн хувьд саналаа хэлж, зөвлөлдөх нь зүйн хэрэг гэж ойлгож байгаа.
-Тэгэхээр энэ ажлыг ирэх сард эхлээд 2015 он гэхэд үр дүнг нь үзэж эхэлнэ гээд байгаа шүү дээ. Боломжтой хугацаа юу?
-Манай Ерөнхий төлөвлөгөөний газрынхан их урам зоригтой байгаа. “Энэ ажлыг бид эхлүүлж чадна” гэж байгаа. Сайн байна, эхлүүлэх хэрэгтэй. Зөвхөн яаж зөв эхлэх, яаж иргэдтэйгээ ойлголцох вэ гэдэг хамгийн чухал. Гэр хорооллын долоон байршилд байгаа иргэддээ хэлэхэд сонирхогч компани, Төслийн удирдах хорооныхонтойгоо маш сайн ойлголцох хэрэгтэй шүү. Зөв тохиролцохгүй бол эрхзүйн хүрээнд янз бүрийн маргаан үүсэх магадлалтай. Гэр хорооллыг дахин төлөвлөх журамд “Зөвхөн газар эзэмшиж байгаа этгээдтэй л гэрээ хэлцэл хийнэ. Эзэмшигч нь тэр хашаанд амьдарч байгаа бусад хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаална” гэж байгаа.
-Газрын эзэн нь түр оршин суух байранд орчихлоо. Гэтэл нөгөө газар дээр нь гэр бариад амьдарч байсан айлынхан хүндхэн асуудалтай тулгарна шүү дээ?
-Хэдийгээр Дорж гэдэг хүний эзэмшилд нэг л газар байгаа ч, түүний хүүхэд хашаанд нь гэр бариад амьдарч байж болно. Гэтэл зөвхөн Дорж гуайтай л хэлцэл хийнэ гээд байдаг. Дорж гуай тэр хашаа байшингаа дээд тал нь хоёр өрөө байраар л солино. Тэр хоёр өрөө байранд дөрвөн гэр бүл орж амьдрах нь хэр боломжтой вэ. Тухайн байршилд амьдарч байгаа иргэдийн 75 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд төслийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр үлдсэн 25 хувийнх нь хашаа байшин газар гээд бүх юм нь үнэгүйдээд, тэр хүмүүсийн эрх ашгийг яах вэ гэдэг нь ч асуудалтай. Дорж гуайнх шиг айлууд хоосон хоцрох вий гэсэн айдас бий. Энэ бүгдийг тооцохгүй бол энэ ажил тийм ч үр дүнтэй урагшлахгүй Түүнчлэн иргэдийг түр шилжүүлэх үед хэний ч санаанд орохгүй нэг асуудал үүснжэ. Тэр нь тухайн гэр бүлд амьдарч буй хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийн асуудал. Баянхошууны 76 дугаар сургуульд сурдаг хүүхэдтэй айлыг Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд шилжүүлэн суулгахаар болбол яах вэ. Энэ мэт давхар эрсдэл бий. Мөн тэр байршилд найман нэрийн дэлгүүр ажиллуулж амьдралаа залгуулдаг өрх ч бий. Тэр өрхийн өдөрт олж байгаа орлогын нөхөн олговрыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь ч тодорхойгүй.
-Газрын үнэлгээний хувьд яаж тогтоож өгсөн бол. Иргэдийг хохироохгүй байж чадах уу?
-Иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв нь энэ. Иргэд “Миний газрыг хэрхэн үнэлэх, надад буцааж ямар нөхөн олговор өгөх вэ” гэдэг л ганц сонирхолтой. Иргэдийн хувьд өөртөө тааламжтай, аль болох ахиу үнээр хөрөнгөө үнэлүүлэхийг сонирхож байгаа. Саяхан НИТХ-ын чуулганаар дахин төлөвлөлт хийж газрыг үнэлэхдээ дундаж үнэлгээ барина гэж баталж өгсөн. Дундаж үнэлгээ нь хэр зэрэг олон хүнд таалагдах вэ гэдгийг сайн мэдэхгүй байна.
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин